Аргентины амьтны хүрээлэнд зовж байсан 30 арслан, барыг гадаадын дархан цаазат газруудад зөөх ажил эхэлжээ
Аргентины хаагдсан амьтны хүрээлэнд хоригдож байсан 30 арслан, барыг Өмнөд Африк, АНУ-ын дархан цаазат газруудад тээвэрлэн зөөх ажиллагаа Баасан гарагт эхэлжээ.
Нийслэл Буэнос-Айрес хотоос баруун хойд зүгт 70 км зайд оршдог Лужан амьтны хүрээлэнд хоригдож байсан эдгээр амьтдын хувь заяа олон жилийн турш тодорхойгүй байсан юм.
Тэдгээрийн тээвэрлэлтийг зохион байгуулж буй “Four Paws” байгууллага үүнийг энэ төрлийн хамгийн том нүүлгэн шилжүүлэх ажиллагаа гэж үзэж байна.
“Бид эдгээр 30 амьтны амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын тулд бүхнээ зориулж байна” гэж тус байгууллагын захирал Люсиана Д’Абрамо хэлжээ.
Есөн бар, зургаан арсланг тусгай хайрцагт оруулж, онгоцоор тээвэрлэсний дараа Өмнөд Африкийн 60 га газар эзэлдэг Лайонсрокийн дархан цаазат газарт хүргэх юм байна. Тэнд одоо мийн овгийн 80 гаруй араатан амьдардаг.
Үлдсэн найман бар, долоон арсланг Денвер хотоос зүүн хойд зүгт оршдог АНУ-ын Колорадо мужийн Зэрлэг Амьтдын Дархан Цаазат газарт хүргэх ажээ.
Гэхдээ эдгээр амьтдын аялал тийм ч амар байхгүй юм байна. Колорадо хүрэх амьтдыг Аргентины хөрш Чили улсаар, Өмнөд Африкт хүрэх амьтдыг Франкфурт, Амстердамын аль нэгээр дамжуулан Йоханнесбург хотод хүргэсний дараа дөрвөн цаг автомашинаар тээвэрлэн Лайонсрокт хүргэх гэнэ.
“Four Paws” байгууллагын ажилтнууд арслан, баруудыг өөрөө хайрцагт орж сургахад нэлээд хугацаа зарцуулжээ. Гэхдээ заримд нь тайвшруулах эм хэрэглэхээс өөр аргагүй болсон байна.
Баасан гарагт ийм аргаар унтуулсан хоёр барыг ажилтнууд гараар өргөн хайрцагт нь оруулжээ.
Аргентины эрх баригчид хүмүүсийн аюулгүй байдал, амьтны сайн сайхны төлөө гэсэн үндэслэлээр Лужан амьтны хүрээлэнг 2020 онд хаах шийдвэр гаргаж байв.
Хүрээлэн хаагдах үед 200 орчим арслан, бар байсан ч 2023 онд “Four Paw” байгууллагын мэргэжилтнүүдийг шийдэл олохоор очих үед ердөө 112 үлдсэн байжээ.
Хоёр жилийн дараа тэднийг ажлаа явуулах зөвшөөрөл авахад үлдсэн арслан, барын тоо 62 болсон байв.
Тухайн үед үлдсэн амьтад хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй жингийн илүүдэл, булчингийн алдагдал, мөн шим тэжээлийн дутагдлын улмаас арай ядан хөл дээрээ зогсож байжээ.
“Four Paws” байгууллага өнгөрсөн хугацаанд амьтдыг эрүүлжүүлэх ажлыг хүрээлэнгийн ажилчидтай хамтран амжилттай зохион байгуулсны үр дүнд нүүлгэн шилжүүлэлтийг давах чадвартай болсон гэнэ.
Гэхдээ энэ удаагийн нүүлгэлтийн дараа 20 гаруй арслан, бар үлдэж байгаа бөгөөд тэднийг нүүлгэн нутагшуулах газрыг үргэлжлүүлэн хайх юм байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
