Эрчим хүчний ажилтнуудын өдөрт: Монгол инженерүүдийн барьсан анхны цахилгаан станц 16 дахь жилдээ ажиллаж байна
Үндэсний 120-иод компанийн 1500 гаруй монгол инженер, ажилтан бүтээн босгосон 18 мегаваттын цахилгаан станц Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумыг 24 цаг эрчим хүчээр хангаж байна.
Тус цахилгаан станцыг 100 хувь Монгол инженерүүд барьж ашиглалтад оруулсан бөгөөд Энержи Ресурс ХХК-ийн буюу цэвэр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар “М СИ Эс Интернэйшнл” ХХК, “Хасу эрчим” ХХК, “МЭЗ” ХХК, “ЗМ инженеринг” ХХК гээд үндэсний 120 гаруй компанийн 1500 монгол инженер, ажилтан барьж байгуулсан.
Хувийн компанийн хөрөнгө оруулалтаар барьсан тус цахилгаан станц нь говийн нөхцөлд тохирсон, “тэг” усны хэрэглээтэй гэж явдаг. Өөрөөр хэлбэл усны хэрэглээ нь Монгол дахь бусад цахилгаан станцуудтай харьцуулахад 4-5 дахин бага.
Сайн менежмент, чадварлаг инженер, ажилтнуудын ур чадвараар тус станцыг 25 сарын хугацаанд бүрэн ашиглалтад оруулж байжээ. Энэ төсөл нь монгол инженерүүдийн хувьд ур чадвараа ахиулсан, цаашид томоохон төслүүдэд бие дааж оролцох туршлага болсон гэдгийг оролцогч компаниуд хэлдэг. Ухаа худаг цахилгаан станц нэг зуун сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, тасралтгүй ажиллагааны үзүүлэлтийг бататгасан байдаг.
2011 оноос хойш Монгол улсын хэмжээнд ашиглалтад оруулсан станцууд гэвэл Даланзадгадын болон Бөөрөлжүүтийн гээд цөөн тооны станцыг дурдаж болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
