Украинд зэвсэг шилжүүлэх гэж байгаа тухай мэдээлэлд тайлбар өгөхийг Оросын эрх баригчид АНУ, Турк улсаас шаардав
Турк улсын эзэмшилд байгаа АНУ-ын зэр зэвсгийг Украинд шилжүүлэх гэж байгаа тухай мэдээлэлд тайлбар өгөхийг ОХУ-ын гадаад хэргийн яам Вашингтон, Анкарагийн эрх баригчдаас шаарджээ.
Ийм төлөвлөгөө нь “Вашингтон, Анкаратай харилцах харилцаанд ноцтой хохирол учруулах болно” гэж гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өчигдөр буюу Бямба гарагт мэдэгдсэн байна.
Турк улс өөрийн нөөцөд хэдэн арван жил хадгалагдаж буй олон арван мянган их бууны сум, кластер бөмбөгтэй пуужинг Украинд шилжүүлэх хүсэлтийг АНУ-ын талд тавьсан тухай мэдээ тараад байгаа юм.
Эдгээр зэр зэвсэг нь АНУ-аас 1987 онд авсан лицензийн дагуу үйлдвэрлэгдсэн юм байна.
АНУ, Турк хоёрын аль аль нь кластер бөмбөгийг ашиглах, худалдах, экспортлохыг хориглосон 2008 оны олон улсын конвенцод нэгдээгүй юм.
Кластер бөмбөг нь агаарт задарч, хэдэн зуугаас хэдэн мянга хүртэл тооны жижиг бөмбөгийг өргөн уудам газар нутагт тараан цацах зориулалттай зэвсэг юм.
Хүний эрхийн байгууллагууд ийм зэвсгийн тараан цацсан бөмбөгний 40 орчим хувь тухайн үедээ дэлбэрэлгүй үлдэж, удаан хугацааны дараа жирийн хүмүүст аюул учруулдаг гэж үздэг тул хориглохыг шаарддаг.
АНУ-ын засаг захиргаа 2009-өөс 2023 оны хооронд жил бүр кластер бөмбөгний экспортын хоригоо эргэн харж байсан бөгөөд хамгийн сүүлд ерөнхийлөгч Жо Байден уг зэвсгийг Украинд нийлүүлэхийн тулд хоригоо цуцалж байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
