Иран улс дайны эхэн үед унасан онгоцныхоо нисгэгчдийг буцааж өгөхийг Катар улсаас шаарджээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойрх Дорнодын дайны эхэн үед сөнөсөн байлдааны онгоцны гурван нисгэгч одоог хүртэл Катар улсад байгааг олж мэдсэнээ Иран улсын эрх баригчид зарлаад тэднийг буцааж өгөхийг шаарджээ.

Гуравдугаар сард Катарын нутагт унасан онгоцны нэг нисгэгч амь үрэгдэж, үлдсэн хоёр нь сураггүй болсныг Ираны тал тухайн үед мэдэгдэж байсан юм.

“Дайны үеэр унасан Су-24 онгоцны гурван нисгэгч амьд үлдсэн. Жавад Салехи, Абдолмажид Даштиан, Омран Бехравешиан нар зургаан сарын турш Катарт хоригдож байна” гэж Олон Улсын Улаан Загалмайн Хороонд бичсэн захидалдаа Ираны зэвсэгт хүчний генерал Мохаммад Багерзадех мэдэгджээ.

Нисгэгч нарт ар гэрийнхэнтэйгээ уулзах, холбоо барих боломж олгохгүй байгааг тэр захидалдаа дурдаад Катарын эрх баригчдад тэднийг суллахыг уриалсан байна.

Харин Катарын засгийн газар хариу мэдэгдэлдээ тус улсад Ираны ганц ч нисгэгч хоригдоогүй байгааг баталжээ.

“Бид Ираны нисгэгчдийг саатуулж буй тухай мэдээллийг эрс үгүйсгэж байна. Бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахад чиглэсэн дипломат хүчин чармайлт, санаачилга үргэлжилж байгаа энэ цаг үед ийм төөрөгдүүлсэн мэдэгдэл гаргасанд гайхаж байна” гэж Бямба гарагт Катарын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед аль Ансари мэдэгдсэн байна.

Гуравдугаар сарын эхээр Катарын Аль Удейд агаарын баазад довтлох үеэр амь үрэгдсэн нисгэгч Мажид Каземигийн цогцсыг хүлээж авснаа Ираны эрх баригчид өнгөрсөн сард мэдээлж байжээ.

Уг бааз нь Ойрх Дорнодын бүс нутаг дахь АНУ-ын хамгийн том цэргийн бааз юм.

Гуравдугаар сарын эхээр Ираны хоёр Су-24 бөмбөгдөгч онгоцыг унагаснаа Катарын батлан хамгаалах яам зарлаж байв. Дээрх онгоцнууд нь одоо Ираны эрх баригчдын ярьж буй нисгэгчдийн онгоц мөн эсэх тодорхойгүй байна.

Эдгээр нь хоёрдугаар сарын 28-ны өдөр дайн эхэлснээс хойш Катарын зэвсэгт хүчний нутаг дэвсгэр дээрээ унагасан Ираны анхны онгоцнууд байсан юм.

АНУ, Иран улсуудын мөргөлдөөн долдугаар сарын сүүлээс эхлэн намжсан ч Ормузын хоолойд зорчиж буй арилжааны хөлгүүд үе үе халдлагад өртсөөр байгаа.

Катар улс Пакистантай хамтран долоо дахь сардаа үргэлжилж буй дайныг зогсоох яриа хэлэлцээнд зуучлах дипломат хүчин чармайлт гаргасаар байгаа ч үр дүнд хүрэхгүй байна.

 

Эх сурвалж: AFP