Дэлхийн жишиг, Монголын гажиг

Редакцын бус нийтлэл
2025 оны 6 сарын 13
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын улс төр нэлээд бужигнаж байна. Орлогоо нотлохыг анх шаардаж байсан жагсаал "Огцрох амархан" болж өргөжин, өөрсдийн зорилгодоо хүрэв. Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүүгийн тансаглалыг тайлбарлаж чадахгүй явсаар итгэл хүлээлгэх асуудлыг Улсын Их Хурал(УИХ)-аар хэлэлцүүлэн, эцэст нь суудлаасаа буув. Түүний орыг залгах шинэ Ерөнхий сайдыг өчигдөрхөн УИХ томиллоо. Монголд өрнөж буй энэ үйл явц олон улсад ямар байдалтай явагддаг талаар Элчин сайд Ч.Баатар ээлжит нийтлэлээ илгээснийг хүргэж байна. 



Монгол Ардын Нам(МАН)-ын лидер, Засгийн газрын нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д явагдсан итгэл хүлээлгэх эсэх санал хураалтад ялагдаж огцорсонтой холбогдуулан шинэ Ерөнхий сайдын асуудал ид яригдан шийдэгдлээ.

Одоо шинэ Ерөнхий сайдаар намын лидерээр сонгогдоогүй, тэр тусмаа парламентын (УИХ) гишүүн болж чадаагүй, сонгуульд ялагдсан хүнийг томилж байгаа нь парламентын засагтай бусад улсын хүмүүст эвэртэй туулай үзсэн мэт гаж солиотой зүйл болж харагдах юм. Ийм гажууд солиотой зүйлийн нэг нь тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайдыг тодруулж гаргах асуудал юм. Монгол Улс шинэ Ерөнхий сайдыг тодруулж гаргах асуудлыг хууль тогтоомждоо дэлхийн жишгээс тэс өөр, гажууд байдлаар тусган оруулсан байдаг. Энэ нь уг хуулийг бэлтгэж гаргасан хүмүүс дэлхийн нийтлэг жишгийг огт мэддэггүйтэй холбоотой байсан бололтой. Тэгвэл парламентын засагтай бусад улсын нийтлэг жишиг ямар байдгийг авч үзье.

Сая манайд болсон шиг Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх эсэх санал хураалтад ялагдсан бол тэр парламентыг тараан, парламентын шинэ сонгууль зарладаг. Учир нь намын лидер, Ерөнхий сайдаас түүний намын парламентын олон гишүүн нүүрээ буруулан, нэг ёсондоо урван, түүний эсрэг санал өгсөн тул тэр хүмүүстэй цаашид хамтран ажиллах боломжгүй болсон хэрэг юм. Нэг ёсондоо парламент дахь намын байгууллага нь задарч хуваагдалд орсныг харуулсан хэрэг юм. Ерөнхий сайдыг нь огцруулахад битгий хэл намын бодлогын чухал асуудлаар парламентад ялагдал хүлээхэд парламентыг тараан шинэ сонгууль явуулдаг тохиолдол байдаг. Тухайлбал 2001-2006 онд Японы Ерөнхий сайдаар ажилласан Ж.Коизүмигийн үед намын нь хувьд чухал асуудал болох Шуудангийн асуудлыг парламентаар хэлэлцэхэд түүний намын парламентын олон гишүүн намынхаа эсрэг санал өгснөөс болж парламентад ялагдал хүлээсэн байдаг. Коизүми парламентыг тараан шинэ сонгууль зарласан. Сонгуульд намынхаа эсрэг санал өгсөн хүмүүсийн нэрийг мэдээж дэвшүүлээгүй. Ингээд түүний нам парламентын сонгуульд өмнө нь байснаасаа илүү олон суудал авч ялалт байгуулаад Шуудангийн асуудлыг парламентад дахин оруулж хэлэлцүүлэн батлуулж байсан түүх байдаг. Гэтэл манайд УИХ-ыг тарааж шинэ сонгууль зарласангүй.

Намын удирдах дээд байгууллага нь ялагдсан Ерөнхий сайдын орны, намаа парламентын шинэ сонгуульд удирдан орох шинэ лидерээ сонгон гаргадаг. Намын лидерийн төлөөх сонгуульд өрсөлдөж байгаа хэд хэдэн хүнээс намын удирдах дээд байгууллагын гишүүдийн хамгийн олон санал авсан хүнийг намын дарга буюу лидер болсонд тооцдог. Парламентын шинэ сонгуульд урвагч гишүүдийн нэрийг дэвшүүлдэггүй. Шинэ Ерөнхий сайдтай нэг баг болж хамтран ажиллаж чадах шинэ хүмүүсийн нэрийг дэвшүүлдэг. Намын шинэ лидерийг сонгож гаргаснаар тус байгууллага үүргээ гүйцэтгэсэнд тооцдог. Ерөнхий сайдын болгох хүний асуудлыг авч хэлэлцдэггүй. Нэгэнт намын лидер болсон хүн автоматаар Ерөнхий сайд болдог.

Парламентын сонгуульд тухай эрх баригч нам олонхын суудал авч ялалт байгуулбал намын лидер нь Ерөнхий сайд болж төрийн тэргүүнд бараалхдаг. Төрийн тэргүүн түүнийг дэмжиж ажиллахаа илэрхийлбэл энэ нь Төрийн тэргүүний дэмжлэгийг авсан хэрэг юм. Төрийн тэргүүн намын шугамаараа Ерөнхий сайд болоод гараад ирсэн хүнийг дэмжихгүй байх боломж байдаггүй. Тиймээс Ерөнхий сайд сайд нараа томилж өөрийн кабинетаа буюу Засгийн газраа бүрдүүлдэг. Засгийн газраа бүрдүүлсний дараа парламентад тухайн Засгийн газарт итгэл хүлээлгэх, эсэх санал хураалтад ордог. Энэхүү санал хураалтад ялалт байгуулбал Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилдаа ордог.

Хэрэв тухайн нам парламентад харьцангуй олон суудал авсан боловч парламентын суудлын олонхыг авч чадаагүй бол тухайн намтай ойролцоо үзэл баримтлалтай, чиг хандлагатай өөр намтай эвсэл болж эвслийн засгийн газар байгуулдаг. Хэрэв парламентын сонгуульд сөрөг намуудаас тухайн намаас илүү олон суудал авсан нам гарч ирвэл тэр нам засгийн газраа бүрдүүлж эрх барьж байсан нам сөрөг хүчин болж хувирдаг.

Шинэ Ерөнхий сайдыг гаргах асуудал намынхаа шугамаар, намынхаа хүрээнд шийдэгддэг. Гэтэл манайд Ерөнхий сайд болох хүний асуудлыг хэт гажиг байдлаар шийддэг болох нь харагдаж байгаа. Намын лидерээр сонгогдоогүй, парламентын гишүүн биш хүнийг Ерөнхий сайд болгож байгаа нь ямар гажууд зүйл болохыг дээр хэлсэн. Намын шугамаараа Ерөнхий сайд болчихсон хүнийг Төрийн тэргүүн нь дагуулан парламентад түүнийг танилцуулж, хороод, чуулганы нэгдсэн хуралдаанд түүнээс намынх нь парламентын гишүүд төдийгүй сөрөг намын хүмүүс том бодлогын асуудлаар асуулт асуун, нэг ёсондоо байцаалт явуулан тэр хүнийг Ерөнхий сайд болгох эсэх талаар санал хураалт явуулж шийдэх хуулийн зохицуулалттай юм болов уу, манайд.

Энэ нь Ерөнхий сайд болох асуудлыг намын шугамаар шийддэг дэлхийн нийтлэг жишгийг гажуудуулан төрийн шугамаар шийддэг болгосон хэрэг юм. Ерөнхий сайд болоход сөрөг хүчин хошуу дүрдэг, оролцдог байдал парламентын засагтай улсуудын нийтлэг жишигт байдаггүй зүйл болно. Парламентын засагтай Их Британи улсад Хатан хаан (одоо бол Хаан), Японд Эзэн хаан нь намын шугамаараа Ерөнхий сайд болчихсон хүнийг парламентдаа манай Төрийн тэргүүн шиг дагуулан орж ирж танилцуулан хэлэлцүүлж байсан тохиолдол нэгээхэн ч үгүй юм.

Тиймээс шинэ Ерөнхий сайдыг гаргадаг манай хуулийг үндсээр нь өөрчлөн парламентын засагтай орнуудын нийтлэг жишигтэй ижил болгох ажлыг даруй хийх шаардлагатай гэж үзнэ.

 

Элчин сайд Ч.Баатар