Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амгалан: Хичээл эхлэхээс өмнө зургаан байршилд хувийн компаниудын сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээсэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түрээсийн гэрээ байгуулан төрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжтой сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн мэдээлэл, санхүүгийн түрээсийн саналд дөрвөн байршилд таван компани саналаа ирүүлжээ.

Энэ тухай НЗДТГ-ын дарга Д.Амгалан "Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг нийслэлийн 2025 оны төсөвт тусган хэрэгжүүлж эхэлж байгаа.

Нийслэлийн хэмжээнд Баянзүрх дүүргийн 4, 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15, 23 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо гэсэн зургаан байршилд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо нь цэцэрлэгийн насны 950 хүүхэдтэй ч өнөөдрийн байдлаар 200 хүүхдийн хүчин чадалтай, орон нутгийн өмчийн нэг цэцэрлэгт 400 орчим хүүхэд авдаг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр тус хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэг барьж байгаа боловч 320 хүүхдийн цэцэрлэгийг нэмэх шаардлага үүсэж байгаа.

2025-2026 оны хичээлийн улирал эхлэхээс өмнө хувийн компаниудын сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээсэлж, үе шаттайгаар орон нутгийн өмчид шилжүүлж авахаар судалж байна.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах саналаа ирүүлэх зарыг нийтэд түгээсний дагуу өнөөдрийн байдлаар дөрвөн байршилд таван компани саналаа ирүүллээ.

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд цэцэрлэгийн насны 896 хүүхэдтэй. Тус хороонд хоёр компани цэцэрлэгийн барилгыг түрээслүүлэх саналаа ирүүлсэн. Тус хороо нь шинээр барилгажиж байгаа Яармагийн бүс юм.

Хичээлийн жил эхлэхээс өмнө зуны сард сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажлаа эхлүүлж байгаа юм" гэж мэдээлэв.

Ирсэн саналын дагуух барилга, байгууламжтай холбогдох албаныхан танилцжээ.

 Цэцэрлэгийн барилгын байршил:

  1. Баянгол дүүрэг, 5-р хороо
  2. Баянзүрх дүүрэг, 4-р хороо
  3. Хан-Уул дүүрэг, 15, 23-р хороо
  4. Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо
  5. Сүхбаатар дүүрэг, 9-р хороо

Сургуулийн барилгын байршил:

  1. Баянзүрх дүүрэг, 25-р хороо.

Түрээслүүлэх барилга нь сургууль, цэцэрлэгийн зориулалттай, өмчлөлийн маргаангүй байх шаардлагыг тавьжээ.