• 6 сарын 13, Баасан

Вьетнамын мисс болж байсан бүсгүй залилангийн хэргээр баривчлагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Вьетнамын гоо бүсгүйн титмийг зүүж байсан сошиал инфлүнсер бүсгүй хуурамч бараа зарж, иргэдийг залилсан хэргээр энэ долоо хоногт баривчлагджээ.

Хатагтай Нгуэн Тук Туй Тян өөрийн үйлдвэрийн зөөлөн чихрийг (резинэн чихэр гэгддэг) эслэгээр баялаг хэмээн сурталчилж, зардаг байсан юм.

Гэвч бүтээгдэхүүнийг нь шинжлэхэд худал сурталчилгаа байсан нь тогтоогджээ.

“Kera Supergreen Gummies” нэрээр зах зээлд нийлүүлэгддэг бүтээгдэхүүний үйлдвэрийг тэр өөр хоёр инфлүнсерийн хамт үүсгэн байгуулсан юм.

Тэд нэг чихрээ бүтэн таваг хүнсний ногооны агуулах хэмжээний эслэгтэй хэмээн сурталчилдаг байжээ.

Гэвч нэг хэрэглэгч бүтээгдэхүүнийг нь лабораторид шинжлүүлэхэд 200 миллиграмм биш, ердөө 16 миллиграмм эслэг агуулдаг нь тогтоогдсон байна.

Дуулиан анх гуравдугаар сард дэгдэхэд гурван инфлүнсер олон нийтээс уучлал гуйж, торгуулиар шийтгүүлж байжээ.

зураг
 

Үүнээс хойш сарын дараа хуулийнхан нөгөө хоёр үүсгэн байгуулагчийг хамтарсан үйлдвэрийн зарим удирдлагуудын хамт баривчилж байв.

Тэднийг хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийг залилан мэхэлсэн хэрэгт буруутгасан байна.

Энэ долоо хоногийн Даваа гарагт Вьетнамын эрх баригчид Нгуэнийг мөн хэрэглэгчдийг хууран мэхэлсэн хэргээр баривчилжээ.

Дуулиан дэгдэхээс өмнө Нгуэн болон түүний хамтрагчид 100,000 хайрцаг чихэр борлуулсан байсан гэнэ.

Нгуэн Тук Туй Тян анх 2021 онд Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдсан гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээнд түрүүлж байжээ. Үүний дараа тэр Вьетнамд алдаршиж, хэд хэдэн реалити шоунд оролцож, брэндүүдийн нүүр царай болсон байна.

Бас Вьетнамын ерөнхий сайдаас болон Коммунист Намын залуучуудын байгууллагаас шагнал хүртэж байжээ.

 

Эх сурвалж: BBC