Өнгөрсөн долоо хоногт Африк тивийн төв бүсийн Бурунди улсад парламентын ээлжит сонгуулийн санал хураалт зохион байгуулагдсан юм.
Лхагва гарагт сонгуулийн урьдчилсан дүнг зарлахад тус улсын эрх баригч нам парламентынхаа бүх 100 суудлыг авсан нь тодорхой болжээ.
Эрх баригч CNDD-FDD нам бүх мужид 96-аас дээш хувийн санал авсныг сонгуулийн ерөнхий хорооны дарга Проспер Нтахорвамие зарласан юм.
“Төгс төгөлдөр зүйл гэж байдаггүй тул санал хураалтын үеэр цөөн жижиг зөрчлүүд илэрсэн” гэж тэр нэмж хэлжээ.
Сөрөг хүчний Упрона нам нэг гаруй хувийн саналаар хоёрдугаарт жагссан ч парламентад суудал авч чадаагүй байна.
Энэ сонгуулиар “бид ардчиллаа нэгмөсөн устгалаа” гэж тус намын дарга Оливер Нкурунзиза мэдэгджээ.
Гол сөрөг хүчин болох Эрх Чөлөөний Төлөө Үндэсний Конгресс нам ердөө 0.6 хувийн саналаар гуравдугаарт жагссан байна.
Хүний эрхийн Human Right Watch байгууллага энэ сонгуулийн үр дүн Бурундид “ардчилал булшлагдсан”-ыг харуулж буйг мэдэгджээ.
CNDD-FDD нам 2005 оноос хойш тасралтгүй засгийн эрхийг барьж байгаа юм.
Лхагва гарагт сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа нийслэл Бужумбура хотод баяр хөөр төдийлөн ажиглагдаагүйг эх сурвалжууд мэдээлж байна.
Сонгуулийн урьдчилсан дүнг Үндсэн Хуулийн цэцэд танилцуулсны дараа зургаадугаар сарын 20-ны дотор батлах юм.
Хорь гаруй жилийн өмнө Бурундид иргэний дайн зогсоход байгуулсан Арушагийн Хэлэлцээрийн дагуу тус улсын парламентад Хуту, Туци, Тва угсаатны бүлгүүдийн төлөөлөл ижил тэнцүү хэмжээтэй байх ёстой байдаг.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!