УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж байгаа билээ.
Энэ үеэр гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Монгол Улс бол хагас ерөнхийлөгчийн засаглал хэрэгжүүлж буй 23 улсын нэг юм. Парламентын засаглалтай Монгол Улс нь ерөнхийлөгчийн институцийг төрийн байгуулалтдаа багтааснаар холимог хэлбэрийн төрийн тогтолцоог сонгон хэрэгжүүлж байгаа гэж судлаачид дүгнэсэн байдаг. Угаасаа ч ийм.
Манайд сонгодог парламентын тогтолцоо огтоос байхгүй. Холимог тогтолцоотой. Г.Занданшатар даргаас УИХ-ын дарга байсных нь хувьд парламентыг төгөлдөржүүлэх тал дээр бодлого, идеологи нь ямар байгааг асуумаар байна.
Хагас ерөнхийлөгчийн тогтолцоонд ерөнхийлөгч нь Ерөнхий сайдтай гүйцэтгэх эрх мэдлийг хуваан хэрэгжүүлдэг. Энэ тогтолцоог хэрэгжүүлж байгаа улс орнуудад Засгийн газар ажиллаж чадахгүй, Засгийн газар нь ерөнхийлөгчид хяналт тавьж чадахгүй, Ерөнхийлөгч нь Засгийн газартай хамтран ажиллаж чадахгүй гэсэн шалтгаанаар Засгийн газрууд огцордог гэсэн онолоороо л явж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн итгэл үзүүлэх эсэх асуудал дээр сонгодог парламентыг төгөлдөржүүлэх гэдэг үг, өгүүлбэр албан тоотод байсан. Чуулганы асуултад хариулахдаа сайдууд маань эсрэг ажилласан, ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон гэдэг асуудлыг ярьсан.
Х.Тэмүүжин нарын гишүүд ерөнхийлөгчийн засаглалтай холбоотой албан тоот гаргаж ирээд гарын үсэг зураад, нийгэмд асуудал яригдаж эхэлсэн. Тухайн үед би гайхаж байсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ унасан. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга шинэ Ерөнхий сайдаар нэр дэвшээд ороод ирж байгаа. Бага хурал дээр асуухад та надад процессын хариу хэлсэн. Та идеологийн хувьд хариулж өгөөч. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын хувьд бус, Х.Баттулга ерөнхийлөгчтэй байх үеийн УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд хариулж өгөөч.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: Би ямар ч албан тушаалд байсан нэг л байр суурьтай хүн. Ийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг анх санаачилж, 2017 оны зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад А.Ариунзаяа Статистикийн даргын хувиар түүвэр сонгох, шалгаруулахаас авхуулаад идэвхтэй оролцсон учраас сайн мэдэх учиртай.
Хуучин пост социалист улсууд ихэвчлэн холимог засаглалыг сонгосон нь учиртай. Нэг газар эрх мэдлийг хэт төвлөрүүлэх нь дарангуйллыг бий болох эрсдэлтэй учраас сонгосон.
Аливаа өөрчлөлт нэг жилийн дотор бус найман жил тогтвортой хэрэгжиж байж үр дүнгээ гаргана гэж Чимид гуай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуульдаа үзсэн юм билээ. Нэг оруулсан өөрчлөлтийг найман жил ахиад хөндөж чадахгүй. Ерөнхийлөгчийг хаанаас ч өөрөөр сонгох бололцоогүй.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй болно. Журмын тухай хуулиас гадуур Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яривал төрийн эсрэг гэмт хэрэг болно гэж заасан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!