Монгол Улсын нийт газар нутгийн ердөө 612,000 га талбай буюу 5.25 хувийг ХУШИН ОЙ эзэлж байна.
Жишвэл нэг сумын газар нутагтай тэнцэх хэмжээг л хушин ой бүрдүүлдэг. Гэвч дараах гурван хүчин зүйлийн улмаас ойн сан, тэр дундаа хушин ой улам хумигдах эрсдэлтэй байгааг Монголын байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн, ой зүйч Г.Эрдэнэцолмон анхааруулж байлаа.
Сөргөөр нөлөөлөгч хүчин зүйлсийг дурдвал:
Хуш мод нь 500 хүртэл наслах боломжтой. 100-гаас дээш настай хушны самар илүү олон байх, хэмжээ арай том байх нь элбэг.
Гэвч сүүлийн жилүүдэд хүний буруутай үйлдлээс үүдэн модны өсөлт хөгжил зогсож, ойн сан доройтох эрсдэлтэй нүүр тулж байна.
Хангайн нуруунд явж байх үед нэг модон дээр 54 удаа мунадуулсан сорви байсан тухай тэрбээр хэлж байв.
Энгийн нүдээр харахад хэсэгхэн зайд мунадуулсны улмаас хонхорхой үүссэн мэт боловч энэ нь эргээд модны ургалтыг зогсоох, цаашилбал хатаж үхэхэд хүргэх асар их хор хохиролтой.
Иймд модыг гэмтээлгүйгээр үр шимийг нь хүртэх боломжит туршилт судалгаа, арга аргачлалыг ой зүйч, байгаль хамгаалагч нар судалжээ.
Хуш модонд гэмтэл учруулахгүйгээр самар авах аргын тухайд...
Уг аргын талаар тэрбээр зааварчлахдаа эхлээд модондоо резинэн хамгаалалтаа зүүж, үүнийхээ дараа мөн адил мунандаа зориулж бэлтгэсэн резинээ ч бэхэлж харагдана.
Арга ядсан юм шиг харагдаж болох ч байгаль экологид үзүүлж буй сөрөг нөлөө, самарчдын хайнга үйлдлийг зогсооход нэг ч болтугай гарц хайхыг зорьсон гэдгээ Ой зүйч Г.Эрдэнэцолмон хэлж байлаа.
Энэ талаар "Самар түүхэд ийм резинээр яадаг юм гэж хүмүүсийн инээд хүрч магадгүй.
Мэдээж олон төрлийн аргыг туршиж үзсэн, заримыг нь сайжруулаад явж байна. Гэхдээ одоогоор доргиогч, самар сэгсрэгч машин эсвэл өөр автомат багаж ашиглахад овор, зардал, үр ашигтай байдал зэргээс шалтгаалаад иргэдэд шууд хэрэглэхэд тохиромж муутай байна.
Үүний зэрэгцээ зөөх, тээвэрлэх асуудал яригдаж байна. Хамгийн гол нь авч явахад авсаархан, хүн болгон гар аргаар хийж болно.
Даацын резинээр хамгаалахад эхний ээжинд модондоо гэмтэл учруулахгүй юм байна.
Цаашид самарчид үргэлжлүүлэн хуш модоо гэмтээхгүй байлгах боломжийг бүрдүүлэхийн тулд туршилт, судалгаагаа хийсээр байх болно.
Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг шүү дээ. Энэ агуулгын хүрээнд олон янзын аргыг судалж байгаа. Ядаж модоо гэмтээхээ больцгооё, самарчид аа" хэмээн тэрбээр уриалсан юм.
Ой гэдэг бол цогц экосистем. Тэр дундаа хушин ойг юугаар ч орлуулшгүй тул зохистой бэлтгэх үйл явц хамгийн чухал.
Мөн болц гүйцсэн үед нь самар бэлтгэх хэрэгтэй. Тусгайлсан журамд "Аравдугаар сарын 20-ноос самар түүж болно" гэдгийг заасан байдаг.
Гэвч бодит нөхцөл дээр очоод үзэхэд хугацаанаас нь өмнө түүж, боловсруулдаг үйлдэл иргэдийн дунд түгээмэл. Тиймээс болц гүйцсэн үед нь модыг хамгаалах арга техник ашиглаж, гэмтээлгүй самар түүхийг дахин дахин уриалж байлаа.
-Монгол орны хушин ойн нөхцөл байдлын талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Цаашид хушин ойг хамгаалах чиглэлд анхаарч, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Хушин ой нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг бөгөөд сүүлийн жилүүдэд цэвдэг хайлснаас үүдэн ойн талбай багасах хандлагатай байгаа. Тодруулбал өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт хушин ойн хэмжээ 12 хувиар багасжээ.
Хушин ой нь экологийн хувьд хамгийн өндөр ач холбогдолтой. Учир нь 70 орчим зүйлийн хөхтөн амьтан, 200 гаруй зүйлийн шувуу тэнд амьдардаг.
Ой гэдэг нэр томьёо нь зэрлэг амьтдын диваажин гэдэг үгнээс гаралтай. Тиймээс ч ой бол тэдний орон байр, хоол тэжээл гэсэн үг. Амьтдын хувьд ч, хүний хувьд ч ялгаагүй.
-Өнөөдрийн байдлаар манай улсын ойн сан, нөөц ямар хэмжээнд байгаа вэ. Энэ чиглэлд тодорхой тоон мэдээлэл бий юу?
-Дээр дурдсанчлан Монгол Улсын нийт газар нутгийн 12 хувь нь ойн сан бүхий газар. Үүний 8.3 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлдэг. Тэр дотроо хушин ойн талбай үнэхээр бага буюу 5.25 хувийг эзэлж байна.
Мөн голуудын эх бүрэлдэхэд хамгийн чухал үүргийг хушин ой гүйцэтгэдэг. Усыг тогтоон барих, цэвдгийг хадгалах ач холбогдол хэмжээлшгүй их гэж үзэж болно.
Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд хушны самрыг экспортод нэлээд гаргаж байна. Жил болгоны нөөцийг наймдугаар сард тогтоодог.
Тухайн жилийн ургац харилцан адилгүй. Тодруулбал
Их ургацын жилд нь экспортоор самар гаргахыг зөвшөөрдөг бол бага, дунд ургацын жилд зөвшөөрөхгүй. Иймд дунд ургацын жилд ахуйн зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг хуулийн зохицуулалттай.
Хэдийгээр хушин ой ийм бага талбайг эзэлж байгаа ч түүнээс урган гарах самрын эдийн засгийн үр өгөөж асар өндөр.
-Хушин ойд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг хэрхэн харж байна вэ? Экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалж хамгаалахын тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Манайхан нийтлэгээрээ модны физиологийг төдийлөн ойлгодоггүй. Чухам ямар процесс явагдаж байгааг нарийн мэддэггүй гэсэн үг.
Модны цөмийн гадна талын давхарга нь үндэснээс титэм рүүгээ шим тэжээлийн бодис, ус дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн гадна талын камбийн давхарга (cambium) өсөлтийг явуулдаг. Өөрөөр хэлбэл мод гадна тал руугаа өсдөг онцлогтой.
Хуш модны их биеийг энэ мэтчилэн цохиж гэмтээснээр цаашид ургалтыг нь зогсоож, хатаж үхэхэд хүргэх хор уршигтай.
Давирхай гоожсон хэсгүүд нь флойм (phloem) гэх давхарга. Энэ давхарга титэм дээр үүссэн цардуул, сахрыг нааш нь буулгадаг буюу үндэс, их бие рүү нь дамжуулдаг. Модны өсөлтийг явуулах шим тэжээл чинь энд бий болдог гэсэн үг. Тиймээс ч хуш модыг хамгаалалтгүй цохиж, самар авч ашигладаг үйлдэл асар хоруу чанартай.
-Мунадуулж гэмтсэн мод буцаад өөрөө өөрийгөө сэргээж чаддаг уу?
-Богдхан ууланд хийсэн судалгаагаар нэг модонд дунджаар 600 сантиметр квадратын хохирол учирчээ.
Жишээлбэл энэ модыг 11 сантиметр хүртэл цохиж гэмтээсэн байна. Энгийн нүдээр харахад гадаргуу дээрх хохирол хэсэгхэн зайг хамарч байгаа мэт.
Их биеийнхээ нийт гадаргуугийн нэг хувьд нь ч хүрэхгүй хохирол юм шиг харагдаж байна. Гэтэл модныхоо өсөлт буюу камбийн давхаргыг нь гэмтээсэн учраас энэ мод цаашид гэмтсэн талаараа хэзээ ч өсөж чадахгүй. Харахад жижиг мэт боловч асар их хор хохирол.
Давирхай гоожсон байгаа нь шим тэжээлээ алдаж, хортон үүрлэх нөхцөл бүрдсэнийг илтгэж байна. Үүний улмаас мод өөрөө стресстэнэ. Хүнийг байнга нэг газар руу нь цохиод шарх үүсгээд байвал яах вэ? тэр хавьцаа нь идээ бээр буглаа үүснэ, эсэргүүцэх чадвар нь суларна. Яг ийм явдал болоод байгаа.
-Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хохирол газар авч байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Хүний буруугаас үүдэн модны өсөлт зогсож байна. Ингэж гэмтсэн хэсгээрээ мод дахиж өсөхгүй учраас барзгар гадаргуу үүсгэх гэж хичээж байгаа юм.
Мунаар цохисон сорви модны дархлааг унагаадаг. Ялангуяа хушин ой, нарсан ойд нян бактерийг устгадаг фитонцид (phytoncide) гэх тусгай бодис ялгардаг. Гэвч модны дархлаа унаад байгаа учраас өвчлөх магадлал нь нэмэгдэж байна гэсэн үг.
Хоёрдугаарт гэмтсэн хэсгээрээ шингэнээ алддаг учраас өсөлт явуулж чадахгүйд хүрнэ. Жилийн цагариг дахь өсөлтийг харахаар хоорондоо наалдсан байгааг анзаараад үзээрэй.
Жилд 3 мм өсдөг байсан бол одоо 2 мм болж эхэлсэн. Энэ нь ой доройтож буйн илрэл. Ийм хурдаар явбал 2100 он гэхэд хушин ой Монгол Улсаас устах хэмжээний аюул ойрхон байна уу гэдэгт сэтгэл эмзэглэдэг.
18 ширхэг мод таривал нэг хүн насан туршдаа авч хэрэглэсэн хүчилтөрөгчөө байгальд нь буцаагаад өгч байгаатай тэнцэнэ.
Дэлхийн дулаарлыг тогтоон барьж байгаа гол зүйл нь ОЙ.
-Хушин ойг хамгаалах чиглэлд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Монголын байгаль хамгаалагчдын холбоо, “Монголын самрын кластер” ТББ хамтын ажиллагааны хүрээнд энэ жил "Хушин ойн самрын нөөцийг хэрхэн тогтоох", "Учруулсан хохирлыг яаж тооцох" аргачлалыг байгаль хамгаалагч, экологийн цагдаа, ойн ангийнханд зааж сургаж байгаа.
Мөн бэлтгэдэг хүмүүст “Самрыг хугацаанд нь зөв түүж авах” уриалга болон зарим нэгэн технологи, арга аргачлалыг танилцуулан ажиллаж байгаа.
Сая Өвөрхангайгаас ирлээ. Цааш Архангай, Хөвсгөл, Завханд очоод долдугаар сарын үед Хэнтийн нурууг тойрсон Төв, Сэлэнгэ, Хэнтий аймагт ажиллана.
Эхний ээлжинд ядаж хуш модоо хамгаалахаас л эхэлье. Монгол Улсын хэмжээд 1,074 байгаль хамгаалагч ажиллаж байна. Өргөн уудам газар нутагт ийм цөөн байгаль хамгаалагч хамгаалах боломжгүй байна. Бид сургалтын хүрээнд идэвхтэн байгаль хамгаалагч нарыг олноор бэлтгэж байгаа.
Аливаад гарц шийдэл хайсан ажил бага гэлтгүй эхэлнэ. Тиймээс ч мод мунадуулж гэмтэхээс сэргийлэх аргуудыг туршсаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!