Уншиж байна ...
Зураг
Зураг

Израиль улс Ираны нутаг дэвсгэрт томоохон агаарын довтолгоо явуулж эхэллээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө Израилийн зэвсэгт хүчин Иран улсын цэргийн болон цөмийн байгууламжуудад агаараас довтолж эхэлжээ.

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху уг ажиллагааг шаардлагатай бол ямар ч хугацаагаар хамаагүй үргэлжлүүлэх боломжтойг мэдэгдсэн байна.

Уг ажиллагааны нэр “Nation of Lions” болохыг Израилийн хэвлэл мэдээлжээ.

Орон нутгийн цагаар шөнийн 03:00 цагийн орчимд Ираны нийслэл Тегеран хотод хэд хэдэн удаагийн дэлбэрэлтийн чимээ сонсогдож эхэлснийг гэрчүүд мэдээлсэн байна.

Ираны төв телевиз эвдэрч сүйдсэн орон сууцны барилгуудыг мэдээндээ харуулжээ.

Удалгүй Израил даяар онц ач холбогдолгүй олон нийтийн арга хэмжээнүүдийг хориглож буйг тус улсын зэвсэгт хүчин зарласан байна.

Энэ мэдэгдэлдээ бас олон арван байлдааны нисэх онгоц оролцсон ажиллагаа нь Ираны цэргийн болон цөмийн байгууламжуудад чиглэж буйг баталжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэхүү ажиллагаанд тус улс оролцоогүйг баталж, Ойрх Дорнод дахь цэргийн баазуудад нь халдахгүй байхыг Ираны талд анхааруулсан байна.

“Бид Ираны эсрэг ажиллагаанд оролцоогүй. Манай гол зорилт тус бүс нутаг дахь Америкийн баазуудыг хамгаалах. Израилийн тал энэхүү үйлдлээ өөрийгөө хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэж бидэнд тайлбарласан. Ерөнхийлөгч Трамп болон түүний засаг захиргаа өөрийн баазуудыг хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авч, бүс нутгийн түншүүдтэйгээ нягт холбоотой ажиллаж байна. АНУ-ын ашиг сонирхол, хүмүүст Иран улс халдах ёсгүйг би тодорхой анхааруулж байна” гэж тэр мэдэгдэлдээ өгүүлжээ.

Сүүлийн өдрүүдэд АНУ, Ираны хооронд өрнөж буй цөмийн яриа хэлэлцээ үр дүнд хүрэлгүй мухардсан тухай мэдээлэл цацагдаж байсан юм.

Энэхүү агаарын цохилт Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох, баллистик пуужин, цэргийн хүчин чадлыг нь бууруулах зорилготойг Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдсэн байна.

“Энэ ажиллагаа биднийг зорилгоо биелүүлэх хүртэл, шаардлагатай бол ямар ч хугацаагаар хамаагүй үргэлжилнэ” гэж тэр хэлжээ.

АНУ-ын зарим хатуу чиг баримталдаг улс төрчид Израилийн ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Тухайлбал Трампын холбоотон, Бүгд Найрамдах Намын хууль тогтоогч Линдси Грэм “Тоглоом эхэллээ. Израилийн төлөө залбираарай” хэмээн сошиал хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Aljazeera