Израил улс Палестины хүүхдүүдийг зориуд онилох замаар Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Израил улс Палестины хүүхдүүдийг зориуд онилох замаар Газын зурваст геноцид явуулж байгааг НҮБ-ын хараат бус шалгалтын үр дүн батлан харуулжээ.

Газын зурваст дайн эхэлснээс хойш Израилийн зэвсэгт хүчний амийг нь хөнөөсөн хүмүүсийн 30 орчим хувь хүүхдүүд байсныг уг тайланд дурдсан байна.

НҮБ-ын олон улсын хараат бус комиссын есдүгээр сард гаргасан өмнөх тайланд Израиль улс Газын зурваст геноцид явуулж байгааг хүлээн зөвшөөрч, үүнийг ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тэргүүтэй тус улсын өндөр албан тушаалтнууд өдөөсөн гэх дүгнэлт гарч байв.

Үүний дагуу Олон Улсын Эрүүгийн Шүүх дайны гэмт хэрэгт Нетаньяхуг буруутгаж, баривчлах захирамж гаргасан юм.

Женев дэх Израилийн төлөөлөгчийн газар НҮБ-ын дээрх шалгалтын тайланг “гүтгэлэг” гэж няцаасан байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Геноцидыг олон улсын хэмжээнд хүн төрөлхтний эсрэг онц ноцтой гэмт хэрэг гэж үзэх болсон юм.

Геноцидын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай олон улсын конвенцод үүнийг “үндэстэн, угсаатан, арьс өнгө, шашны бүлгийг бүхэлд нь болон хэсэгчлэн устгах зорилготой үйлдэл” гэж тодорхойлсон байдаг.

НҮБ-ын комисс Мягмар гарагт гаргасан тайландаа Газын зурваст үргэлжилж буй дайны турш, тэр дундаа 2025 оны аравдугаар сард гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдүүдийг санаатайгаар онилох, устгах явдал нэмэгдсэнийг мэдээлжээ.

Үүнийг Израилийн зэвсэгт хүчин Газын зурваст Палестины хүн амыг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн устгахыг зорьж буй геноцидыг тогтоох гол элемент гэж дүгнэсэн байна.

Энэ нь Палестины ард түмний цаашид оршин тогтнох чадварыг бууруулах санаатай үйлдэл болохыг комиссын дарга Шринивасан Муралидхар мэдэгджээ.

Газын зурвасаас гадна Йордан голын баруун эрэг, Иерусалимын зүүн хагаст Израилийн суурьшигчдын үйлдэж буй Палестины хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл огцом нэмэгдсэнийг дээрх тайланд дурдсан байна.

Тухайлбал Палестины хүүхдүүд, ялангуяа хөвгүүдийг баривчлан саатуулахдаа албадан нүцгэлэх, зодох, хоол хүнсээр дутаах зэрэг системчилсэн хүчирхийлэл үйлдэж байгааг онцолжээ.

 

Эх сурвалж: The Guardian