Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 894.7 тэрбум төгрөгийн зээлийг 26,437 малчин өрх авчээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.
Энэ үеэр Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван малчны зээл болон хөдөө аж ахуйн салбарт олгогдож буй зээлийн талаар танилцууллаа.
Тэрбээр "Малчдын хөдөлмөрийг бодит баялаг болгон хувиргаж, тэдгээрийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх дэмжлэг үзүүлэх нь банк, санхүүгийн салбарын чухал зорилт гэж Монголбанк үздэг. Энэ хүрээнд арилжааны 10 банктай хамтран малчдад санхүү үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
2025 оны байдлаар 122,838 ширхэг зээл олгогдсон. Нийт зээлийн үлдэгдэл 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар 1.1 их наяд төгрөгт хүрсэн. Мөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 412 тэрбум төгрөгийн зээл олгогдсон бол 2025 онд нийтдээ 867 тэрбум төгрөгийн зээл олгогдсон.
Малчны нийт зээлийн 96.3 хувь нь хэвийн ангилалтай, 1.9 хувь анхаарал хандуулах зээл, 1.8 хувь нь чанаргүй зээл гэсэн ангилалтай байгаа. Нийт зээлийн 90.8 хувь нь 1-5 жилийн хугацаатай байна.
2024-2025 онд хоршооны гишүүн малчдад Шинэ хороо хөдөлгөөний зээл олгогдсон. Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний 166 дугаар тогоолоор Шинэ хоршоо өрнүүлэх тухай шийдвэр гаргасан. Энэ хүрээнд нэг их наяд төгрөгийн зээл олгох тогтоол гарсан. Зээлийн үндсэн хүү 18 хувь боловч Засгийн газар 12 хувийн хүүгийн татаас төлж, малчин өөрөө зургаан хувийн зээлийг төлж байгаа. Нэг зээлдэгчид 50 сая төгрөг хүртэлх зээл олгосон.
Хоршооны зээлийн 500 тэрбум төгрөг нь Төрийн банкаар олгогдсон. 513.1 тэрбум төгрөгийн зээл нь үржлийн мал худалдан авах байдлаар, 94.9 тэрбум төгрөгийн зээл нь хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах байдлаар гарсан.
Малчны зээлийн багц тасралтгүй өсөж байгаа. 2021 онтой харьцуулбал 40 гаруй хувиар өсөж, нийт үлдэгдэл 1.1 их наяд төгрөгт хүрсэн. Гэхдээ чанаргүй зээлийн хэмжээ 1.8 хувьтай байгаа нь малчид төлбөрийн чадвар, зээлийн сахилга бат сайтай биелүүлдэг болохыг харуулж байна. Энэ бол зөвхөн зээлийн хэмжээтэй тоо бус олон мянган малчин өрхийн амьжиргаа, ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалт.
Малчдын зээлийн жигнэсэн дундаж хүү бусад салбарынхаас өндөр байгаа нь бидний хувьд анхаарах ёстой асуудал мөн.
Малчдын зээлийн чанар харьцангуй сайн байгаатай холбогдуулан цаашид зээлийн хүү буурах боломжтой гэдгийг Төв банк арилжааны банкнуудтай харилцан ярилцаж, бодлогын тохируулга хийж явна" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
