"Вашингтон Визардс" баг драфтын тэргүүн сонголтоор Эй Жи Дибанцаг сонголоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны шинэ тоглогч элсүүлэх сонгон шалгаруулалт уламжлал ёсоор Нью-Йорк мужийн Брүүклинд болж байна.

Хоёр өдөр үргэлжлэх драфтын эхний сонголтоор "Вашингтон Визардс" баг BYU-гийн Эй Жи Дибанцаг сонголоо.

Нийслэл хотын багийнхан лигийн түүхэнд тав дахь удаагаа драфтын тэргүүн сонголтыг хийж буй. Хамгийн сүүлд тэд 2010 онд холбогч Жон Уоллыг элсүүлж байв.

Өдгөө 19 настай Броктон хотод төрж өссөн Дибанцагийн хувьд өнгөрсөн улиралд оюутны лигт тоглохдоо 25.5 оноо, 6.8 самбар дундажласан юм.

Нийт 35 тоглолтод оролцохдоо бүгдэд нь хоёр оронтой оноо авсан. Тэр дундаа 28 тоглолтод 20 ба түүнээс дээш оноо, найман тоглолтод 30-аас дээш оноог самбарт бичүүлсэн бол 40-өөс дээш оноог хоёр тоглолтод үзүүлжээ.

Оюутны лигт нэг тоглолтод 43 оноо авсан нь түүний оргил амжилт байв.

зураг
 

Драфтын №2-оор "Юта Жазз" баг Канзасын бүтээгдэхүүн Даррен Петерсоныг сонгосон бол №3-аар "Юта Жазз" нэгэн цагт багийнх нь нүүр царай болж явсан Карлос Бүүзерийн хүү Камероныг эгнээндээ элсүүллээ.

Нэгдүгээр бүсийн №30-аар "Даллас Маверикс" сонголтоо хийснээр өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн. Харин маргааш 31 дэх сонголтыг "Нью Йорк Никс" хийх юм.

Улмаар үлдсэн 30 тоглогчоо сонгосноор драфт өндөрлөнө.

Энэ жилийн драфтын сонгон шалгаруулалтад Шаравжамцын Энхийн-Од нэрээ өгөөд буй. Тэрбээр драфтын өмнө NBA-гийн таван багийн бэлтгэлд хамрагдсан билээ. Тухайлбал "Милуоки Бакс", "Даллас Маверикс", "Мэмфис Гриззлис", "Лос Анжелес Лэйкерс" болон "Орландо Мэйжик"-ийн бэлтгэлд дуудагдсан юм.

Одоогоор хоёрдугаар тойрогт "Гриззлис" №32-оор, "Мэйжик" №46-гаар, "Маверикс" №48-аар сонгох эрхтэй байна.