Домогт хөлбөмбөгчин Лионель Мессигийн аав 68 насандаа өвчний улмаас таалал төгсөв
Аргентины домогт хөлбөмбөгчин Лионель Мессигийн аав Хорхе удаан хугацаагаар өвдсөний эцэст 68 насандаа таалал төгсжээ.
Мессийг 14 настайгаас эхлэн агентаар нь ажиллаж байсан тэрбээр Бямба гарагийн өглөө эрт өөрийн төрөлх Росарио хотын эмнэлэгт амьсгал хураасан байна.
Энэ зуны ДАШТ-ий үеэр түүний эрүүл мэнд эрс муудсан тухай хүмүүсийн дунд яригдаж эхэлсэн юм.
Хорхе 2022 онд Аргентины шигшээ баг гурав дахь удаагаа дэлхийн аварга болсон тэмцээнд хүүгээ дэмжихээр Катарт очиж байжээ.
Одоо 39 настай Месси найман удаа Алтан Бөмбөгний эзэн болж, Барселона клубийн хамт дөрвөн удаа Аваргуудын Лигт түрүүлж, тус клубт 17 улирал тоглохдоо 10 удаа Ла Лигийн аварга болж байсан юм.
Хорхе орон нутгийнхаа “Newell’s Old Boys” клубт ажиллаж байхдаа долоон настай Мессийг анх хөлбөмбөгийн спортод оруулж байсан гэдэг.
Барса клубтэй 13 настай Месси гэрээ байгуулсны дараа тэдний гэр бүл 2001 оны хоёрдугаар сард Испанид шилжин суурьшиж байв.
Гэхдээ удалгүй ээж нь бусад гурван хүүхдийнхээ хамт Росарио руу буцахад Хорхе хүүтэйгээ үлдэж байжээ.
“Хорхе бол эхнэр Селиа Кучиттинигийн хамт бүх цаг үеийн хамгийн аугаа тоглогчийг алсын хараа, хатуужил, хайраараа дэмжиж байсан хүн юм” гэж Newell’s Old Boy клуб сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.
Аргентины Хөлбөмбөгийн Холбоо “манай ахлагч, бэлгэ тэмдэг Лионель Мессигийн аав Хорхе Месси таалал төгссөнд гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

