Багануурт нүүрс пиролизийн үйлдвэр барих төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” компанитай хамтран хэрэгжүүлнэ
Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай "Нүүрс пиролизийн үйлдвэр" барихаар болж, үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихыг НИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт дэмжээд буй.
Уг үйлдвэрийг барих төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн санхүүжилтийг нийслэл, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, түншүүдийн оролцоотой гурван талт хэлбэрээр бүрдүүлнэ.
Багануурын уурхайг түшиглэн байгуулах уг үйлдвэрийг 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулах бөгөөд нийт 134 сая ам.доллароор барина.
Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас коксон түлш, 82–84 мянган тонн нүүрсний давирхай үйлдвэрлэхээс гадна 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үүнээс 26 МВт-ыг төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэхээр тооцоолжээ.
Төслийн удирдлагыг нийслэл болон “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Эрдэнэс ҮТП” компани хамтран хэрэгжүүлж, санхүүжилтийн механизмыг тодорхойлох бөгөөд төслийн хэрэгжилтийг “Улаанбаатар түншлэл төв” ХХК хариуцах аж.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
