Нүүрс пиролизийн үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихыг дэмжжээ

Д.Янжиндулам, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай "Нүүрс пиролизийн үйлдвэр" барихаар болоод буй. Уг үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихыг НИТХ-ын төлөөлөгчид дэмжжээ. 

Үйлдвэрийг барихад нийт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд ашиглалтад орсноор жил бүр 82,000 тонн давирхай үйлдвэрлэхээс гадна боловсруулсан хагас коксыг иргэдийн ахуйн түлшний хэрэгцээг хангахад зориулж нийлүүлэхээр тооцоолсон байна.

Галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд хятад улсаас хагас коксон түлш худалдаж авч хэрэглүүлж байгаа билээ. Өнгөрсөн өвөл хагас коксон түлшинд нийслэлийн төсвөөс ₮226 тэрбумыг зарцуулсан бол энэ өвлийн түлшийг ₮311 тэрбумаар худалдаж авна.

Нүүрс пиролизийн үйлдвэртэй болчихвол ирэх оноос хагас коксон түлшийг дотоодоосоо хангахаар болж байна.

Пиролизийн технологи нь нүүрсийг хүчилтөрөгчгүй орчинд өндөр температурт боловсруулж, илчлэг өндөртэй, утаа болон хорт бодисын ялгаралт харьцангуй бага түлш үйлдвэрлэдэг дэвшилтэт технологид тооцогддог аж.