Японы рэгбигийн клубт тоглодог 26 настай Фижи тамирчин хэт халуун цаг агаарыг тэсвэрлэж чадалгүй нас баржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Японы рэгбигийн клубт тоглодог Фижи улсын харьяат 26 настай тамирчин хэт халуун цаг агаарыг тэсвэрлэж чадалгүй нас баржээ.

Даваа гарагт бэлтгэл хийж байхдаа бие нь муудсан Саймони Вунилаги эмнэлэгт эмчлүүлж байгаад Баасан гарагт нас барсныг Японы рэгбигийн лигийн хоёрдугаар дивизионы Kyushu Electric Power Kyuden Voltex клуб өчигдөр мэдээлсэн байна.

“Даваа гарагийн бэлтгэлийн дараа Саймонигийн биеэс халуунд цохиулсан хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн. Түүнийг эмчлүүлэхээр эмнэлэгт хүргэсэн боловч эмч нарын хүчин чармайлтаас үл хамааран харамсалтайгаар нас барлаа” гэж тус клубийн мэдэгдэлд өгүүлжээ.

Kyushu Electric Power Kyuden Voltex клуб Японы баруун өмнөд хэсгийн Фүкүока хотод байрладаг. Тус хотод Даваа гарагт агаарын температур Цельсийн 35 хэм байжээ.

Арын хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Саймони Вунилаги өмнө нь Tokyo Sungoliath клубт тоглож байгаад өнгөрсөн сард Кюүшүгийн клубт шилжиж ирсэн юм.

“Хэдийгээр Саймони саяхан манай клубт нэгдсэн ч түүний хүнлэг сэтгэл, хүчирхэг тоглолтын хэв маяг ирэх улирлын тэмцээнд амжилт гаргах итгэл найдвар төрүүлээд байсан юм. Бид түүний сүнсэнд амар амгаланг хүсэж, гэр бүлд нь чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж байна” гэж клубээс мэдэгджээ.

Японы хэвлэлүүд түүнийг Номхон далайн арал улс Фижийн харьяат байсныг мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press