Линдси Грэм агсны санаачилсан Оросын эсрэг хориг арга хэмжээний хуулийн төслийг АНУ-ын Сенат баталлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Украины дайнтай холбогдуулан Орос болон түүний газрын тосыг худалдаж авдаг орнуудыг шийтгэх зорилгоор боловсруулсан хуулийн төслийг АНУ-ын Сенатын танхим олонхын саналаар баталжээ.

Өнгөрсөн сард нас барсан Бүгд Найрамдах Намын сенатор Линдси Грэм уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм.

Түүний дурсгалд зориулан хуулийн төслийг “Lindsey O Graham Sanctioning Russia Act” гэж нэрлэжээ.

Баасан гарагт Сенатын танхим 86:11 харьцаагаар уг хуулийн төслийг батлахыг дэмжсэн байна. Ардчилсан Намын 10 сенатор, Кентаки мужийн сенатор Рэнд Пол ганцаараа Бүгд Найрамдах Намаас эсэргүүцжээ.

Шинэ хууль нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, тус улсын цэргийн дээд командлагч нарт визийн болон бусад шинэ хориг тавьж, Оросын экспортын бараа бүтээгдэхүүнд 500 хүртэл хувийн татвар ногдуулах юм.

Бас Оросын газрын тос, байгалийн хийг худалдан авдаг топ таван улсын бараа бүтээгдэхүүнд 100 хүртэл хувийн импортын татвар ногдуулах эрх мэдлийг АНУ-ын ерөнхийлөгчид олгож байгаа.

Өмнөд Каролина мужийн сенатор агсан 71 настай Линдси Грэм амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд энэ хуулийн төслийг батлуулахын төлөө ажиллаж байсан юм. Тэрбээр өнгөрсөн сард Киевээс буцаж ирснийхээ дараахан гэнэт нас барсан юм.

Сенат уг хуулийн төслийг Грэмийг оршуулсан өдөр, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг танхимд нь зочлох үед анх удаа хэлэлцэж байжээ.

“Энэхүү хуулийн төсөл нь Оросын эдийн засгийг хөл дээр нь зогсоож буй гол улсуудад энгийн боловч чухал сонголт хийхийг тулгаж байна. Америктай худалдаа хийх, эсвэл Оросын хямд эрчим хүчийг худалдаж авах хоёрын нэг” гэж сенаторыг нас барсны дараа суудалд нь нөхөн томилогдсон түүний дүү Дарлин Грэм мэдэгдсэн байна.

Энэ арга хэмжээ нь арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө хоёр нам нэг зүйл дээр санал нэгдсэн ховор амжилт болж байгаа юм.

“Кремлийн дайны санхүүжилтийг улам бүр шавхах хүчтэй хориг арга хэмжээ авснаар Путин болон түүний холбоотнуудад энэ дайнд хэзээ ч ялахгүй, авторитаризм хэзээ ч эсэргүүцэлгүй өнгөрөхгүйг Конгресс сануулж байна. Энэхүү хориг арга хэмжээг ашиглан Путиний эмзэг цэгт цохилт өгөхийг би Трампаас уриалж байна” гэж Сенат дахь цөөнхийн бүлгийн тэргүүн Чак Шумер мэдэгджээ.

Санал хураалтын дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын хууль тогтоогчдод талархал илэрхийлж, “манай тусгаар тогтнол, ард түмний эсрэг Оросын явуулж буй зэрлэг дайныг зогсоох дарамт шахалтыг нэмэгдүүлэх нь гарцаагүй” гэж сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен бас сошиал хуудсаараа “Оросын ялж чадахгүй дайныг үргэлжлүүлэх боломжийг хамтдаа шавхъя” гэж уриалжээ.

Одоо хуулийн төслийг Конгрессын төлөөлөгчдийн танхимд илгээж байгаа бөгөөд зуны завсарлагаас буцаж ирснийх нь дараа буюу наймдугаар сарын сүүлээр хэлэлцэж эхлэх төлөвтэй байна.

Ардчилсан Намын сенаторууд хуулийн төслийг эсэргүүцсэн шалтгаан нь уг арга хэмжээ ерөнхийлөгч Трампад бусад улсын эсрэг худалдааны дайн зарлах хэт их эрх мэдэл өгөхөөс болгоомжилсных байжээ.

 

Эх сурвалж: Associated Press