Орос улс дотоодын хомсдолоо шийдвэрлэхийн тулд гадаадаас бензин шатахуун импортлох хувилбарыг судалж байна

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 8 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг

Украины агаарын цохилтоос үүдэлтэй бензин шатахууны нийлүүлэлтийн тасалдлыг бууруулах арга замыг Оросын эрх баригчид судалж байгаагийн дотор гадаадаас импортлох хувилбар яригдаж байгааг Ведомости сонин Мягмар гарагт нэрээ нууцалсан албаны хоёр эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Дэлхийн гурав дахь том түүхий газрын тос боловсруулагч Орос улс даяар сүүлийн өдрүүдэд шатахууны ноцтой хомсдол үүсээд байгаа.

Украины алсын зайн агаарын цохилтуудын улмаас тус улс бензин шатахуун, онгоцны түлшний экспортдоо хориг тавиад байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Даваа гарагт шадар сайд Александр Новакийн даргалсан шатахууны хангамжийн асуудлаар засгийн газрын хуралдааны үеэр импортлох хувилбар яригджээ.

Үүнээс гадна инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор бензин шатахууны үнийн дээд хязгаарыг тогтоож, зөрүүг нь төсвийн татаасаар хаах хувилбар энэ үеэр яригдсан гэнэ.

Украины агаарын цохилтын улмаас тус улсын бензин шатахууны үйлдвэрлэлийн хэмжээ жилийн өмнөх мөн үеэс 25 орчим хувиар буурсныг салбарын байгууллагууд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Үүнээс гадна Оросын далайгаар тээвэрлэдэг газрын тосны бүтээгдэхүүний экспорт зургаадугаар сарын эхний хагаст тавдугаар сарын эхний хагастай харьцуулахад 15 хувиар буурч, 3.3 сая тонн орчимд хүрчээ.

Энэ нь нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ явуулах болсонтой холбоотой гэнэ.

Мягмар гарагт Украины зэвсэгт хүчин хойд Крымийн төмөр замын гүүрийг устгаснаа зарлажээ.

Энэ нь Крымийн хойгийг Оросын эх газартай холбодог цэрэг зэвсгийн ложистикийн гол зам байсан юм.

Украины тусгай ажиллагааны хүч Роздольне тосгоны ойролцоох гүүрний хэсэгт орон нутгийн эсэргүүцлийн нууц хөдөлгөөний гишүүдтэй хамтран хоёр дэлбэрэлт зохион байгуулснаа мэдээлжээ.

Тэгвэл өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нутаг дэвсгэрийнх нь гүнд Украины явуулж буй агаарын халдлагуудыг тус улсын нийгмийг тогтворгүйжүүлэх зорилготой гэж үзэж байгаагаа давтан илэрхийлсэн байна.

Оросын газрын тосны байгууламжуудыг чиглэсэн Украины агаарын цохилтуудын тоо 2026 оны эхнээс хоёр дахин өсөөд байгаа юм.

Мягмар гарагт батлан хамгаалах, аюулгүй байдлын сургуулиудын төгсөгчдийг Кремлийн ордонд хүлээн авч уулзахдаа Путин бас Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй нүүр тулан уулзах үндэслэл байхгүйг давтан илэрхийлсэн байна.

Тэр бас НАТО-гийн тэргүүлсэн Өрнөдийн орнууд Оросын эсрэг дайнд идэвхтэй бэлдэж байгааг энэ үеэр хэлжээ.

Путиний үзэж байгаагаар Өрнөдийн холбоотнуудын Украинд үзүүлэх тусламж дэмжлэг одоогоор хязгаарлагдмал байгаа ч тэд Оросын аюул занал нэмэгдсэн үндэслэлээр батлан хамгаалах төсвөө эрчимтэй өсгөж байгаа гэнэ.

Албан ёсны тоо баримтаас үзвэл одоогоор Орос улсын өөрийнх нь нийт төсвийн 40 орчим хувь батлан хамгаалах салбарт зарцуулагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters