Р.Даваадорж: Мах, шатахуун яриад байгаа ч үнэндээ төсвийн хэт тэлэлт нь инфляцад голлох байр суурь эзэлж байна
Монголбанкнаас өнөөдөр Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тус хороо зургаадугаар сарын 23-24-нд ээлжит хурлаа хийн бодлогын хүүг 12 хувьд хадгалах шийдвэр гаргасан юм.
Хэдийгээр Монголбанк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлж байгаа ч инфляц зорилтот түвшнээс дээгүүр байгаа шалтгаан нь Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсвийн бодлого нь төв банкны мөнгөний бодлоготой уялдаж чадахгүй байгаатай холбоотой юу гэдгийг хараат бус гишүүдээс энэ үеэр тодруулав.
Б.Энх-Амгалан: Сүүлийн 1-2 жилд Засгийн газар урсгал зардлаа ихээр тэлсэн нь бодлогын хүүг бууруулах орон зайг хязгаарлаж байгаа
Үүнд Мөнгөний бодлогын хорооны Хараат бус гишүүн Б.Энх-Амгалан "Монголбанкнаас мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлж байгаа шалтгаан нь гадаад болон дотоод хүчин зүйлээс хамаарч байгаа. Ялангуяа инфляц төв банкны зорилтот түвшинд орж ирэхгүй байгаад нөлөөлж буй дотоод хүчин зүйл нь Засгийн газар төсвийн зарлагыг нэмэгдүүлж буйтай холбоотой. Урсгал зардал маш ихээр нэмэгдсэн нь эрэлтийг бий болгож, эрэлт нь инфляцыг хөөрөгдөх гол суурь болж байна.
"Төрийн хэт их амлалт, чөлөөлөлт, төсвийн мөнгийг хэт их нэмэгдүүлж байгаа нь инфляцад том байр суурь эзэлдэг"
Мөн Мөнгөний бодлогын хорооны Хараат бус гишүүн Р.Даваадорж "Төсөв сүүлийн 4-5 жилд 18 их наяд төгрөгөөс 36 их наяд болж, хоёр дахин нэмэгдсэн. Төсвийн хэт тэлэлт нь инфляцад сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсын эдийн засгийн дийлэнх нь төрөөс хараат.
Төсөв Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий 20-30 хувь хүрч байна. Төрийн өмчит компаниудын худалдан авалт, эдийн засгийн оролцоог нэмбэл бараг 70 хувь гэсэн өндөр дүн гардаг. Иймээс төртэй холбоотой хэт их амлалт, хэт их чөлөөлөлт, төсвийн мөнгийг хэт их нэмэгдүүлж байгаа нь инфляцад нэлээд том байр суурь эзэлдэг.
Хэдийгээр нийлүүлэлтийн гаралтай мах, бензин, гадаад нөхцөл байдлыг яриад байгаа ч яг үнэндээ төсвийн хэт тэлэлт нь инфляцад голлох байр суурь эзэлж байна гэж эдийн засагчийн хувьд харж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
