Г.Энхтайван: Малчны зээлийн хүү 2-3 хувиар өндөр байгаа нь арилжааны банк хөдөө, орон нутагт биет салбар ажиллуулж буйтай холбоотой

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. 

Энэ үеэр Монголбанкнаас малчны зээл болон хөдөө аж ахуйн салбарт олгогдож буй зээлийн талаар танилцуулсан. Тэдний мэдээлж буйгаар малчны зээлийн дундаж хүү 22.2 хувьтай байна. Энэ нь хэрэглээний зээлийн дундаж хүүнээс 4.4 нэгж хувиар өндөр, бизнесийн зээлээс 5.9 хувиар өндөр байгаа гэсэн юм.

Үүнтэй холбогдуулан Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван малчны зээлийн хүү хэрхэн буурах боломжтой талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Малчны зээлийн дийлэнх нь цахимаар биш биетээр буюу тухайн орон нутагт банкны салбар нээж үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой зардал гарч байна. Энэ зардал зээлийн хүү дээр шингэдэг. Хоёрт эрсдэлтэй холбоотой асуудал.

Байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл ажиллаж буй малчдын болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлээр тогтолцооны арга хэмжээ авах нь зүйтэй. Хамгийн гол зүйл нь малын индексжүүлсэн даатгал. Малын индексжүүлсэн даатгалын хамрагдалт 18-22 хувьтай байгаа.

Хэрэв малчин өрх өөрөө малаа бүрэн даатгуулаад явчихвал орон нутагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд зээлийн хүү дээр хөнгөлөлт үзүүлээд явуулах боломжтой. Олон улсын жишгээр зээлийн барьцаанд байгаа эд зүйлс даатгалтай байвал 2-3 хувийн хөнгөлөлт байдаг. 

Малын индексжүүлсэн даатгал нь нэг малчны эрсдэлийг хардаггүй, бүс нутгийн малын хорогдлын босго үзүүлэлтээс хамаараад эрсдэлийн хэмжээ өндөр байгаа. Босгыг хэмжээг бага зэрэг бууруулсан тохиолдолд малчны зээлийн хүү дагаад буурах боломжтой. Зээлийн хүү буурах хамгийн өндөр боломж бол даатгал. Малын индексжүүлсэн даатгалд 70-80 хувьтай хамрагддаг болчихвол малчны зээлийн хүү 3-4 хувиар буурах боломжтой. 

Арилжааны банкууд өөрийнхөө эх үүсвэрээр зээл олгодог. Төв банкнаас малчдын зээлийн хүү дээр бодлогын зохицуулалт хийгээд явах боломжтой. Малчны зээлийн хүү 2-3 хувиар өндөр байгаа нь хөдөө орон нутагт биет салбар ажиллуулж буйтай холбоотой. Хөдөө орон нутагт ажиллаж буй салбарын ажилчид малчид дээр очиж нөхцөл байдлыг судалж зээл олгодог.

Орон нутагт ажилладаг албан хаагчдын цалин болон бусад зардалтай холбоотой малчны зээлийн хүү 2-3 хувь өндөр байгаа гэдэг тайлбарыг арилжааны банкнаас ирүүлсэн.

Малчны зээлийн чанартай холбоотой танилцуулга бол Шинэ хоршоо хөдөлгөөнтэй хамааралгүй. Шинэ хоршооны хөдөлгөөний зээл эргэн төлөлтийн хөнгөлөлттэй нөхцөлтэй байсан учраас хамгийн анхны төлөлт 2026 оны дөрөвдүгээр сард хийгдсэн. Тиймээс Шинэ хоршоо хөдөлгөөний эргэн төлөлттэй холбоотой мэдээллүүд гарах боломжгүй. 

Төв банкнаас зээлийн зориулалттай холбоотой нэгдсэн хяналт шалгалт хийгээгүй. Арилжааны банкууд зээлийн зориулалттай холбоотой хяналт шалгалт хийгээд явж байгаа. Энэ оны есдүгээр сараас эхлээд Шинэ хоршоо хөдөлгөөний зээлийн зориулалттай холбоотой хяналт шалгалтыг хийнэ" гэлээ.