А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр наадмын амралтын хугацаа, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын амралтын өдрүүдийн талаарх мэдээллийг ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Даваажаргал дараах байдлаар танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ "Монгол Улсын Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд заасны дагуу долоодугаар сарын 10-15-ны өдрийг Үндэсний их баяр наадмын амралтын өдөр болгож хуульчилсан.
Энэ жил Ардын хувьсгалын 105 жилийн ойгоор долоодугаар сарын 11, 12-ний өдрүүдэд амралтын өдөр буюу Бямба, Ням гараг тохиож байгаа.
Монгол Улсын Засгийн газраас ажил, амралтын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор энэ жилийн амралтын өдрүүдээс долоодугаар сарын 16, 17 буюу Пүрэв, Баасан гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгож, эдгээр өдрийн нөхөн ажиллах зохицуулалтыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компанийн захирлуудад даалгалаа.
Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан, албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагууддаа уриалж байна.
Ээлжийн амралтын нөхөн зохицуулалттай холбоотой асуудалд долоодугаар сарын 16, 17-ны өдрийн амралтыг 2026 оны төсвийн жилтэй багтаан аль нэг өдөр нөхөж ажиллуулахыг Засгийн газрын гишүүдэд өнөөдөр үүрэг болгож шийдвэрлэлээ" гэв.
"Ажилтны ажил, амралтын тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр зохицуулалт хийж байгаа"
Үргэлжлүүлэн "амралтыг олон хоног байлгах шаардлагатай юу?" гэх сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.
Энэ тухайд "Хуульчилсан амралтын өдөр нь долоодугаар сарын 10-15-н байгаа. Энэ жилийн долоодугаар сарын 11, 12-нд амралтын өдөр таарч байгаа.
Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан ажил олгогчийн эрхийг хэрэгжүүлж ажилтны ажил, амралтын тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдынхаа ажил, амралтад зохицуулалт хийж байгаа.
Хувийн хэвшлүүд өөрсдөө эдийн засгийн нөхцөл байдалдаа уялдуулж, ажил амралтдаа зохицуулалт хийх нь тэдний бүрэн эрхийн асуудал" гэдгийг ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Даваажаргал нэмж хэллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
