Трамп-Путиний “тохиролцоог” хэрэгжүүлэхгүй байгаа АНУ-ын засаг захиргааг Оросын эрх баригчид шүүмжлэх нь нэмэгдэв
Өнгөрсөн оны наймдугаар сард Аляскад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп, Путин нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхгүй байгаа АНУ-ын засаг захиргааг Оросын эрх баригчид дараалан шүүмжилсэн нь Украины дайнтай холбоотой Москвагийн бухимдал нэмэгдэж байгаагийн илрэл болж байна.
Гурван өдрийн дотор Оросын төрийн гурван өндөр албан тушаалтан ийм байр суурь илэрхийлжээ.
Сүүлийн өдрүүдэд Украины алсын зайн цохилтууд эрчимжиж, Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Өрнөдийн удирдагчид Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж, тав дахь жилдээ үргэлжилж буй дайны салхи эргэснийг хүлээн зөвшөөрсөн цаг үетэй тэдний мэдэгдэл давхцаж байна.
Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш дайныг дуусгах тохиролцоонд хүрч чадахгүй байгаа Зеленскийг байнга шүүмжилж, харин Кремлийн эрх баригчид Трампын хүчин чармайлтыг сайшааж байв.
Оросын тал Аляскийн дээд хэмжээний уулзалтаас хойш “Анкорижийн үзэл санаа” гэх нэр томьёог байнга ашиглах болсон юм.
Энэ нь Донбассын бүс нутгийг бүхэлд нь Оросын мэдэлд шилжүүлснээр Украины дайныг дуусгах тухай ойлголт байв.
Харин АНУ-ын тал энэ уулзалтаар ямар тохиролцоонд хүрснээ ил тод зарлаж байгаагүй.
Гэвч уулзалтаас хойш ердөө нэг сарын дараа Украин улс эзлэгдсэн бүх нутаг дэвсгэрээ буцаан авах боломжтойг Трамп мэдэгдэхэд Кремлийн эрх баригчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа.
Ням гарагт Кремлийн зөвлөх Юрий Ушаков тохиролцоогоо зөвхөн нэг тал биелүүлж, нөгөө тал нь биелүүлэхгүй байгааг шүүмжлэн ярьжээ.
Мягмар гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров уг дээд хэмжээний уулзалтыг “Киевийн дэглэмийг зэвсэглэх цаг хугацаа хожих гэсэн” АНУ-ын заль мэх байж болзошгүй гэж дүгнэсэн байна.
Дараа нь Лавровын орлогч Сергей Рябков мөн Аляскад хүрсэн “үндсэн ойлголцол”-оос АНУ хазайж байгааг шүүмжилсэн тухай Интерфакс агентлаг мэдээлжээ.
“Вашингтоны баримталж буй чиг шугам АНУ-ын холбоотон Их Британи, Францын баримталж буй Оросын эсрэг хатуу бодлогод улам ойртож байгааг бид харж байна” гэж Их Долоогийн уулзалтын үр дүнгийн талаар Рябков ярьжээ.
Тэдний илэрхийлсэн бухимдал Орос улс дайныг өөрийн нөхцөлөөр дуусгахад АНУ-ын тусламж дэмжлэг үнэхээр хэрэгтэй болсны шинж тэмдэг гэж ажиглагчид үзэж байна.
“Дипломат үйл явц зогссон, хэлэлцээний үр дүнд ямар ч тохиролцоонд хүрээгүй, үнэндээ юу ч тохиролцоогүй. Оросууд үүнд маш их сэтгэл дундуур байгаа бөгөөд тэд Америкчуудын оролцоог үнэхээр их хүсэж байна” гэж International Crisis Group-ийн шинжээч Олег Игнатов хэлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
