Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Метро төслийн 10 жилийн өмнөх ТЭЗҮ-ийг шинэчлэхэд юмны үнэ өссөн ч Монголын эдийн засгийн одоогийн нөхцөлд тааруулах даалгавар оноогдсон"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт Улаанбаатар хотод зохион байгуулагдаж Монгол, Герман, Япон, Тайвань, Солонгос улсын барилгын салбарын эрдэмтэн, инженерүүд илтгэл танилцуулж, туршлага солилцож байна.

Энэ үеэр Улаанбаатар метро төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа БНСУ-ын "Духуа инженеринг" компанийн төслийн багийн захирал Пак Юүнь Чол "Монголын барилгын инженерүүдийн холбооноос энэ семинарыг жил бүр зохион байгуулдаг гэж би ойлгосон.

Энэ жилийн сэдэв нь Метро ба газар доорх байгууламж агуулгатай байгаагаараа онцлог юм. Семинарт БНСУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсад хүрэлцэн ирсэн байгаа. Тэдгээр хүмүүс метротой холбоотой мэргэжлийн мэдлэг чадвараа монгол инженерүүдтэй хуваалцана.

Метро төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хамгийн том асуудал болж байгаа зүйл нь хууль зүйн орчин. Энэ төсөл нь Монголд хэрэгжиж байсан бусад төслүүдээс илүү том хүрээний буюу олон улсын хэмжээнд явагдаж байгаа төсөл. Төслийн бүх арга хэмжээ, агуулга нь олон улсын стандарт, хэмжээнд яригдах ёстой байтал Монголын дотоодын хуульзүйн асуудлуудтай зөрсөн агуулгууд байгаа. Энэ л бидний хамгийн том асуудал болсон ч  шийдвэрлэж байгаа.

10 жилийн өмнө Монгол Улсад хийгдсэн ЖАЙКА-гийн Техник Эдийн Засгийн Үндэслэл/ТЭЗҮ/-ийг шинэчлэх нь бидний гол ажил байлаа. ТЭЗҮ-ийг боловсруулаад 10 жил өнгөрсөн учраас юмны үнэ их өссөн учраас үнийн олон асуудалтай тулгарсан хэдий ч бүгдийг шинэчлэх, юмны үнэ өссөн ч Монгол Улсын эдийн засгийн одоогийн нөхцөлд хэрхэн тааруулах вэ гэдэг даалгавар оноогдсон. Энэ даалгаврыг сайн гүйцэтгэсэн гэж бодож байна.

ТЭЗҮ, судалгааг шинэчлэхэд стандартууд хамгийн том асуудал байсан. Олон улсын стандартуудыг баримтлах, Монгол Улсын стандартыг авч хэлэлцэх хэрэгтэй болсон.

Цаашид Монгол Улсад томоохон төслийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн хүмүүс стандартад илүү анхаарч ажиллаасай гэж хүсэж байна" хэмээн ярилаа.

Өнөөдрийн байдлаар метро төслийн байгаль, нийгэм орчны нарийвчилсан үнэлгээний судалгаа хийгдэж байгаа бөгөөд удахгүй Улаанбаатар хотын зургаан дүүргийн 48 хорооны иргэдэд төслөө танилцуулж, хэлэлцүүлэг хийхээр болжээ.

Төслийн барилгын бүтээн байгуулалт 2026 оны гуравдугаар сараас эхлэх бол энэ намар талбайг бэлтгэх, логистик, гадаад улсаас тоног төхөөрөмжүүдийг хүлээж авах юм байна.

Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтын ажлыг найман их наяд төгрөгөөр гүйцэтгэх сонгон шалгаруулах эхний шатны тендерт Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад зэрэг долоон улсын 27 ААН оролцох хүсэлтээ илэрхийлж, материалаа ирүүлээд буй. Эдгээрийн дийлэнх буюу 11 нь Хятад, найм нь Өмнөд Солонгос, гурав нь манай улсын компани байгаа юм.