Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернертэй сүй тавьснаа зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Британийн поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернертэй сүй тавьснаа зарлажээ.

29 настай дуучин бүсгүй Лондон хотын уугуул, 35 настай Тернертэй бараг жил, хагасын хугацаанд хамт амьдарч байгаа юм.

Тернер бол “Fantastic Beasts”, “Masters of the Air” кинонуудад бүтээсэн дүрээрээ алдаршиж, BBC One сувгийн “The Capture” бүтээлээр Британийн кино урлагийн дээд шагнал BAFTA-д нэр дэвшиж байсан жүжигчин.

“Тиймээ бид сүй тавьсан. Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм үйл явдал. Хамтдаа өтөлж, хамтдаа амьдарч, үүрдийн сайн найзууд байхаар шийдсэн нь үнэхээр онцгой мэдрэмж байлаа” гэж Дуа Липа өчигдөр Британийн Vogue сэтгүүлд ярьжээ.

Өнгөрсөн Зул сарын баяраар түүний хуруундаа бөгж зүүснийг харуулсан гэрэл зураг ил болсноор сүй тавьсан тухай дуулиан анх дэгдэж байв.

Тэд хуримын товоо тогтоогоогүй байгаа ба энэ оны арванхоёрдугаар сард Мексикт өндөрлөх Липагийн аялан тоглолтын дараа шийдэх гэнэ. Тернер ч бас одоо шинэ уран бүтээлд оролцоод завгүй байгаа ажээ.

Тэрбээр Уиллям Гибсоны 1984 оны романаар бүтээж буй Apple TV платформын “Neuromancer” уран зөгнөлийн сэдэвтэй цувралд дүр бүтээхээр болсон юм.

“Бид одоогоор цаг хугацааг тун их аз жаргалтай өнгөрөөж байна. Би өмнө нь хэзээ ч хуримын тухай, өөрийгөө ямар сүйт бүсгүй болох талаар бодож байгаагүй. Бүх зүйл “Өө, би юу өмсөх билээ” гэж байгаа юм шиг гэнэтийн боллоо” гэж Липа ярьжээ.

 

Эх сурвалж: BBC