Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

240 гаруй хүн тээвэрлэж яваад осолдсон Энэтхэгийн нисэх онгоцноос Их Британийн нэг иргэн ганцаараа амьд үлджээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Энэтхэгийн Ахмедабад хотоос Их Британийн нийслэл Лондон хотын чиглэлд 242 хүн тээвэрлэсэн Air India компанийн онгоц хөөрөөд удаагүй байхдаа сүйрсэн билээ.

Ослоос амьд үлдсэн нэг хүнийг сүйрлийн газраас олсон тухай Гужарат мужийн эрүүл мэндийн газраас сүүлд мэдээлжээ.

Хиндустан Таймс сонины мэдээлснээр Их Британийн 40 настай иргэн Вишваш Кумар Рамеш амьд үлдсэн бөгөөд одоо орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.

“Хөөрснөөс хойш гучин секундийн дараа чанга чимээ гарч, дараа нь онгоц сүйрсэн. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн” гэж тэр ярьсныг дээрх сонин мэдээлжээ.

Онгоц үдийн цайны цагаар анагаах ухааны коллежийн оюутны дотуур байрны дээрээс унасан юм.

Ахмедабад хотын цагдаагийн дарга Г.С.Малик сүүлийн байдлаар 204 хүний цогцос олдоод байгаа, онгоц суурьшлын бүсэд унасан тул орон нутгийн иргэд бас амь үрэгдсэн байх магадлалтайг мэдээлжээ.

“Онгоц дээрээс нь унасан барилга бол коллежийн дотуур байр. Бид ослын газрын бараг 70-80 хувийг цэвэрлээд байна” гэж тэр сэтгүүлчдэд нэмж мэдээлсэн юм.

Онгоцонд 217 насанд хүрэгч, 11 хүүхэд, хоёр нярай зорчиж явсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Тэдний 169 нь Энэтхэг, 53 нь Их Британи, долоо нь Португал, нэг нь Канадын иргэн байжээ.

“Агаарын хэт халалтын улмаас онгоцны дотоод эд ангиас гал гарсан байж магадгүй гэж би сэжиглэж байна. Турбины түлш маш их шатамхай байдаг. Онгоц үдээс хойш буюу өдрийн хамгийн халуун үед хөөрсөн” гэж Энэтхэгийн Худалдааны Танхимын агаарын тээвэр, аялал жуулчлалын хорооны дарга Субхаш Гоял ярьсан байна.

Осолдсон онгоц нь хамгийн орчин үеийн зорчигч тээврийн онгоцнуудын нэг Boeing 787-8 Dreamliner байсан юм.

Энэ нь 2011 онд үйлчилгээнд анх нэвтэрсэн тус онгоцны анхны осол болж байгаа ажээ.

Осолдсон онгоц 2013 онд анх удаа нисэж, 2014 оны нэгдүгээр сард Air India компанид шилжсэнийг эх сурвалжуудын мэдээлэл баталж байна.

Boeing компани ослын шалтгааныг тогтооход нь Air India компанид туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Ахмедабад бол Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн төрөлх муж Гужаратын хамгийн том хот юм.

Тус хотын нисэх буудал ослын дараа бүх нислэгээ зогсоожээ.

Энэтхэгийн агаарын тээврийн салбарт үүнээс өмнө хамгийн сүүлд 2020 онд осол гарч байв.

Тухайн үед мөн Air India компанийн хямд нислэгийн салбар компани болох Air India Express-ийн онгоц Энэтхэгийн өмнөд бүсийн Кожикоде олон улсын нисэх буудалд осолдоход нийт зорчигчдын 18 нь амь үрэгдэж, 172 нь амьд үлдэж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press