Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Украины “Аалзны тор” ажиллагааны дараа Орос улс стратегийн бөмбөгдөгч онгоцнуудаа нүүлгэжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Зургаадугаар сарын нэгэнд Украины тусгай албадын зохион байгуулсан “Аалзны тор” нэртэй ажиллагааны улмаас Оросын стратегийн агаарын хүчин нэлээд хохирол амссан гэгдэж байгаа.

Тэгвэл энэ ажиллагааны дараа Оросын эрх баригчид халдлагад өртсөн агаарын баазуудаас стратегийн бөмбөгдөгч онгоцнуудаа нүүлгэсэн байна.

Уг халдлагад Оросын нутаг дэвсгэрийн гүнд оршдог Мурманск, Эрхүү, Рязань, Ивановогийн агаарын баазууд өртсөн юм.

OSINT судалгааны хүрээлэн хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг шинжлээд зургаадугаар сарын эхээр Эрхүүгийн Белая, Мурманскын Оленя баазуудад өмнө нь байсан Ту-160 бөмбөгдөгч онгоцнууд алга болсныг тогтоожээ.

Тэдгээрийн хоёрыг Чукоткын хязгаарын Анадырь баазад, гурвыг  Камчаткийн Елизово баазад, гурвыг Татарстаны Борисоглебское баазад тус тус шилжүүлсэн байна.

Мөн Ту-22M3 болон Ty-95МС нисэх онгоцнуудыг Мурманскаас Татарстан, Амур, Саратов мужууд дахь баазууд руу, Умард Осетын Моздок бааз руу тус тус шилжүүлжээ.

Моздок бол сүүлийн жилүүдэд идэвхтэй ашиглагдахаа больсон бааз юм.

АНУ-ын албаныхан “Аалзны тор” ажиллагааны улмаас Оросын зэвсэгт хүчин зургаан ширхэг Ту-95, дөрвөн ширхэг Ту-22М, хэд хэдэн урьдчилсан сэрэмжлүүлгийн A-50 нисэх онгоцоо алдсаныг тогтоосон тухай Нью Йорк Таймс сонин өмнө нь мэдээлж байв.

Украины аюулаас хамгаалах алба СБУ энэ халдлагаар нийт 41 онгоцыг устгасан буюу гэмтээсэн гэж мэдээлж байгаа.

НАТО-гийн өндөр албаны эх сурвалж сүүлд энэ тоог баталсан юм.

СБУ энэ ажиллагаандаа ачааны автомашинаар тээвэрлэн Оросын нутаг дэвсгэрийн гүнд нууцаар нэвтрүүлсэн 100 гаруй нисгэгчгүй онгоцыг ашигласнаа тайлбарласан.

Уг ажиллагааны дараа Оросын тал стратегийн бөмбөгдөгч онгоцнуудаа нэг баазад удаан байлгалгүй, ойр ойрхон шилжүүлдэг болж магадгүйг Их Британийн агаарын хүчний командлагч асан Грэг Бэгвелл саяхан хэвлэлд ярьсан байна.

“Аалзны тор” ажиллагааны дараа Оросын тал Украинд явуулах нисгэгчгүй онгоц, пуужин ашигласан агаарын цохилтоо эрчимжүүлээд байгаа юм.

 

Эх сурвалж: The Moscow Times