Энэтхэгийн баруун хэсэгт орших Ахмедабад хотоос Английн Лондон руу чиглэж явсан зорчигч тээврийн "Boeing 787-8 Dreamliner" онгоц өнөөдөр сүйрсэн талаар агаарын тээврийн Air India компани мэдээлэв.
Нийт 230 зорчигч, нисэх багийн 12 гишүүнтэй хөөрсөн онгоц удалгүй осолджээ.
Тус улсын Эрүүл мэндийн сайд эмгэнэлт явдлын талаар "олон хүн амь үрэгдсэн" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тус онгоцонд насанд хүрсэн 217, 11 хүүхэд байсан бөгөөд зорчигчдын дийлэнх буюу Энэтхэгийн 169, Их Британийн 53, Португалийн 7, Канадын нэг иргэн байсан гэв.
Осолдсон онгоц орон нутгийн нэгэн эмнэлгийн эмч, оюутнууд байрладаг дотуур байрны барилга дээрээс унасан аж. Аврах албаныхан гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж байгаа юм.
Осолтой холбоотойгоор Их Британийн албаныхан Энэтхэгийн эрх баригчидтай хамтран ослын шалтгааныг тодруулах, холбогдох хүмүүст дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаагаа цахим хуудсандаа мэдэгдсэн.
Энэтхэгийн Агаарын тээврийн сайдын албанаас мэдээлснээр тус улсын ерөнхий сайд Нарендра Моди аврах ажиллагаанд нэн даруй дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгосон.
Ахмедабад бол Н.Модигийн төрөлх Гужарат мужийн хамгийн том хот бөгөөд нийт 7.6 сая хүн амтай.
Энэтхэгт хамгийн сүүлд 2020 онд "Air India Express" компанийн онгоц осолдож, 21 хүн амь насаа алдаж байв.
Өмнө нь төрийн өмчит байсан "Air India" компанийг 2022 онд "Tata Group" авч, 2024 онд "Singapore Airlines"-ын хамтарсан "Vistara"-тай нэгдсэн юм.
"Tata Group" осолтой холбоотойгоор яаралтай тусламжийн төвийг ажиллуулж, осолдсон иргэдийн ар гэрийнхэнд туслах баг байгуулжээ.
Эх сурвалж: The Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!