Махны үнэ таван сарын хугацаанд 52 хувиар өссөнийг хэрхэн шийдэх талаар салбарын сайдаас асуусан ч хариулт авч чадсангүй

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл махны үнийн өсөлтийн талаар салбарын сайдаас тодруулсан байна. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Хэрэглээний үнийн индекст том байр эзэлдэг махны үнийн асуудал байна. 2025 оны аравдугаар сарын 20-нд үхрийн ястай мах нэг кг нь 20 мянга гаруй төгрөгийн үнэтэй байсан бол таван сарын дараа буюу өнөөдөр 32 мянган гаруй төгрөгт хүрч, 52.6 хувиар өссөн байна. Бусад бүх төрлийн махны үнэ өссөн. Олон сая малтай ч хот суурин газарт махны эрэлтээ хангаж чадахгүй байна. Үүн дээр ямар бодлого хэрэгжүүлэх гэж байна вэ. 

Хоёрдугаарт, хөлдөөж хадгалсан махаар хот сууринд амьдарч байгаа иргэдийн хэрэгцээг хангах боломжгүй байна. Амтгүй, хатсан юм шиг мах байгаад байна. Шинэ технологи оруулж ирэх, түүнийг нь бодлогын түвшинд дэмжих боломж бий юу.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат: Манай яамны үүрэг бол малтай байх, малчинтай байх, хоол ундтай байх талын зохицуулалтыг хариуцах. 

Нөөцийн махыг яам биш нийслэл хариуцаад гурван жил болж байна. Улаанбаатар хотын хувьд зах зээлд гаргаагүй байсан 3,000 тн махаа түгээлтийн цэгийг нэмэгдүүлэх замаар иргэдэд хүргэж байгаа. 

Амттай, шинэ махыг нийслэлийн эргэн тойронд аж ахуйн нэгжүүд бэлтгээд зах зээлд нийлүүлж байгаа. ХХААХҮЯ-наас махны фермерийн үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудад олон төрлийн хөнгөлөлттэй зээл олгодог.