Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюуны 450 багш бэлтгэх үндэсний хөтөлбөр албан ёсоор эхэллээ

ikon.mn
2025 оны 6 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй “Хиймэл оюуны үндэсний аян” орон даяар зарлагдаад удаагүй байгаа билээ. Аяны нэг хэсэг болох “450 Local AI teachers: 450 Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөр” нь 2025 оны 6 дугаар сарын 9-нд албан ёсоор нээлтээ хийж, сургалтаа эхэллээ. Хөтөлбөрийг AI Academy Asia-аас санаачлан, М банк болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь хиймэл оюуны боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, дүүрэг, орон нутгийн багш нарын технологийн ур чадварыг шинэ түвшинд гаргах зорилготой юм. 

Хөтөлбөрт нийт 21 аймгийн 146 сум болон нийслэлийн 8 дүүргээс 450 багш сонгон шалгаруулалтаар тэнцэж, хиймэл оюуны 3 сарын сургалтад хамрагдаж эхэлжээ. 2025 оны 6 сарын 9-нд нээлтийн үйл ажиллагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд нээлтэд хөтөлбөрийн дэмжигч байгууллагууд болох М банкийг төлөөлж Эрсдэл хариуцсан захирал Б.Сансар, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Санг төлөөлж суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн байна. 

зураг
 

Мөн нээлтийн үеэр AI Academy Asia-ийн захирал Б.Болор-Эрдэнэ хөтөлбөрийн ач холбогдлыг онцлон мэндчилгээ дэвшүүлж, тус академийн үйл ажиллагаа хариуцсан захирал П.Цэцэгбадам хөтөлбөрийн бүтэц, сургалтын агуулгыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. 

Хөтөлбөрийг удирдан чиглүүлэх багт БНСУ-д хиймэл оюун ухааны чиглэлээр магистр зэрэг хамгаалсан С.Мягмарсүрэн удирдагч багшаар ажиллаж байна. 

Хамрах хүрээ ба оролцогчдын бүтэц 

зураг
 

Энэхүү бүтцээс харахад хөтөлбөр нь насны болон газар зүйн хувьд өргөн хүрээг хамарч, бодитоор тэгш хамруулсан нь онцлох үзүүлэлт юм. 

Мөн оролцогч багш нарыг олон төрлийн (diverse) мэргэжлийн чиглэл бүхий байхаар бүрдүүлжээ. Үүнд математик, мэдээлэл зүй, шинжлэх ухаан, эх хэл бичиг, гадаад хэл, урлаг, нийгмийн ухааны чиглэлийн багш нар оролцож байгаа нь хиймэл оюуны мэдлэгийг боловсролын бүх салбарт нэвтрүүлэх чухал суурь болж байна. 

зураг
 

Ирээдүйг чиглүүлэгч хөтөлбөр 

Хөтөлбөрт хамрагдаж буй багш нар нь зургаан сарын хугацаанд хиймэл оюуны суурь мэдлэг, сургалтын арга зүй, дижитал технологийг сургалтад ашиглах ур чадвар эзэмшихээс гадна, өөрийн оршин суугаа дүүрэг сумандаа сурсан мэдлэгээ түгээн, сурагчид болон иргэдэд сургалт зохион байгуулах юм.. 

Энэхүү санаачилга нь хиймэл оюуныг зөвхөн технологийн салбарынханд бус, боловсролын үндсэн тогтолцоогоор дамжуулан хүн бүрд хүргэх, Монгол Улсыг дижитал эринд амжилттай хөтлөх чадамжтай багш нарыг төлөвшүүлэхэд чиглэж байна. 

Та энэхүү аянд нэгдэхийг хүсвэл доорх холбоосоор сошиал хаягуудыг дагаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Үндэсний хиймэл оюуны аян: 

Facebook: Үндэсний хиймэл оюуны аян 
Instagram: @national.ai.campaign 

AI Academy Asia: 

Facebook: AI Academy Asia 
Instagram: @ai_academy_asia 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.