УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж байгаа билээ.
Энэ үеэр гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага бол Улсын Их Хурал. Ерөнхий сайдыг томилох чөлөөлөх бүрэн эрхийг хэнтэй ч хуваалцахгүй эдэлдэг. Энэ хурал намын хурал шиг явж болохгүй. Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй ярьж байгаа мөртлөө УИХ-ыг удирдаж байгаа дарга, гишүүд ч тэр Занданшатар даргаа л гэх юм. Энэ танхимд Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асууж байна.
Хоёр ч гишүүний амнаас гарлаа. Ерөнхийлөгч ийм мундаг нэр дэвшигчийг тодруулж саналаа оруулж ирлээ гэж. Үндсэн хуульд ийм юм байхгүй. Ерөнхийлөгч зөвхөн УИХ-д оруулж ирж байгаа. Би энэ үл ойлгогдох байдлыг хоржоонтой бөгөөд хорон үгээр давхар санаа илэрхийлж байгааг андуу ойлгосон байж магадгүй. Нам дотор болсон үйл явцаа хараад дараагийн Ерөнхий сайдыг сонгуулийн үр дүнгээр бус Ерөнхийлөгч оруулж ирж байна гэх бухимдлаа УИХ-ын чуулганд дайж хэлсэн байж магадгүй. Хэн нэгний хүн Ерөнхий сайд болох ёсгүй шүү. Монгол Улсын Ерөнхий сайд хэн нэгний гар хөлийн үзүүрт зарагддаг, ордны хуйвалдаанаар орж ирдэг байж болохгүй.
Г.Занданшатар гэх хүн урдаа хийх ажлаасаа илүүтэй ардаа үлдээсэн мөр ихтэй. Ямар бодлого баримталдаг, хандлага илэрхийлдэг үү гэх мэтчилэн. Би уг нь таван зүйл яръя гэж бодсон.
Нэгдүгээрт хөрөнгө оруулагч нарт бизнесийн орчин таагүй бодлогыг цөөнгүй хэрэгжүүлсэн. УИХ-ын дарга байх үедээ Засгийн газрын өмнө орж татвар нэмнэ. Төр ашиг олдог байх ёстой, бизнес хийх ёстой гэх мэт мэдэгдэл хийж байсан. Одоо Ерөнхий сайд боллоо. Ийм бизнес эрхлэгчид халгаатай бодлогыг чинь одоо даахгүй шүү.
Хоёрт таны хандлага цэрэг армид дуртай. Зэвсэглэж хүртэл бизнес эрхлэгч нарын уурхай руу дайрч байсан. Бүгд найрамдах ерөнхий сайд гэдэг бол иргэний байгууллагын төлөө зүтгэдэг хүнийг хэлдэг.
Та УИХ-ын дарга байхдаа ёсолж байсан. Нийтийн танхимын спийкэр цэргийн ааш гаргаж, зэвсэглэж бизнес рүү дайрч болохгүй. Тиймээс бүгд найрамдах төрийг баталгаажуулахын тулд шашны буянт цэргийн дэглэмээс холуур явдаг Ерөнхий сайд байгаасай.
Гуравт та УИХ-ын дарга байхдаа Орос-Монголын парламентын хамтарсан комисс хуралдуулж байсан. Парламент ийм системд орж болохгүй. Монгол Улсын Засгийн газар тусгаар тогтносон байх ёстой. Хажуу хавирганыхаа улсад ерөөсөө наалдаж болохгүй.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: Мөргүй хүн гэж байдаггүй л дээ. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын төлөө явж байсныг хөрөнгө оруулагчид нь мэдээд дэмжээд байдаг.
Монгол Улсын хуулийг зөрчөөд, төрийн дээр сандайлаад сууж байсан БНХАУ-ын хоёр иргэн цагдаагийн байгууллагыг хахуульдаад авчихсан байсныг таслан сэргийлэх арга хэмжээ авсныг зэвсэг техник хангинуулсан юм шиг ярих нь утгагүй.
Би харин цэргийн бэлтгэл хийж, буудлагын клуб ажиллуулж, цэрэг дайнд бэлтгэж аль нэг хөрш улс руугаа шүүмжилсэн бодлого явуулахыг эсэргүүцдэг. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа гуравдагч хөршийн бодлогыг тодорхойлсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!