УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Ерөнхийлөгч Их Хурлын танхимд орж ирж Үндсэн хуулийн өөрчлөлт хийхгүй гэж мэдэгдсэн ч эргэлзээ тайлагдахгүй байна. Танай Засгийн газар ажиллах хугацаандаа ямар нэг хэлбэрээр засаглалын хэлбэрийг өөрчлөх талаар ард нийтийн санал асуулга явуулах уу. Хоёрдугаарт, олон улсын байгууллагуудын төсөөллийн индексээр эрх чөлөөний ардчиллын болон хэвлэлийн эрх чөлөөний индекс унаад байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ. Гуравдугаарт, Монголын дундаж өрхийн орлого, зарлага нь 1.8 сая төгрөг гэж байна. Өөрөөр хэлбэл, орлого маш өндөр байна. Харин доор нь байгаа нь бүүр доор байна гэсэн үг. Өрхийн орлого, зарлагын хэмжээг та хэд болгох вэ. Инфляц, валютын ханшаа тогтоон барьж чадах уу. Ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ. Бодитоо ажил хэлж өгөөч. Төрийн өмчийн 50 хувийг хувьчилна гэж байна. Хаанаас эхлэх вэ.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: Нэгдүгээрт, бид Үндсэн хуулиа сайн судлах ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх Засгийн газар, хувь хүн байх ямар ч боломжгүй. Ийм санаачилга гаргах нь Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. Засаглалын хэлбэрийг өөрчилнө гэвэл Үндсэн хуулийг цоо шинээр бичнэ гэсэн үг. Гуравдугаарт, ард нийтийн санал асуулга явуулахыг нийт гишүүний 2/3 буюу 84 гишүүний саналаар, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг нийт гишүүний 3/4 буюу 94 гишүүний саналаар шийднэ.
Ардчиллын индекс буурч байгаа тухайд, манай улс 2023 оны байдлаар хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 88 дугаарт байсан бол 2025 оны байдлаар 21 байраар ухарч 109 дүгээрт эрэмбэлэгджээ. Улс төрчид хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг байдал нь хэвлэлийн эрх чөлөө ухрах нэг шалтгаан болсон.
Өрхийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд инфляцыг бууруулах шаардлагатай. Инфляцын цаад шалтгаан нь төлбөрийн тэнцэл байдаг. Импорт нэмэгдэх тусам валютын ханшийг өсгөдөг. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого шаардлагатай байна.
Өнөөдрийн байдлаар нийт өрхийн 69 хувь нь зээлтэй байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Төр сэтгүүл зүй хоёрын хооронд байгаа мөнгөн холбоосыг тас цохиорой. Төсвийн мөнгөөр хэвлэлийг угждагийг болиулаарай.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай гэдэг нэртэй ч хэвлэлийн эрх чөлөөний эсрэг заалтуудтай өмнөх Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг буцаан татаарай. Бизнесүүдтэй өштэй юм шиг ажилладгаа болиорой.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: Чөлөөт, хариуцлагатай, ёс зүйтэй хэвлэл мэдээлэл бол ардчиллын нэг дархлаа мөн. Тиймээс би хэвлэл мэдээлэлд ямагт нээлттэй байж, ямар ч хаалтын гэрээ байгуулж байгаагүй. Миний бүх юм нээлттэй, алдаа оноо маань ил тод байдаг. Нум сум харвасан ч, алхаж гишгэсэн ч миний алдаа болгон нээлттэй байж ирсэн. Цаашдаа ч ийм нээлттэй байдлыг эрхэмлэх болно.
Харин бусдыг харлуулах, үнэнийг гуйвуулах, иргэдийн талцуулах замаар ашиг хонжоо олох зорилготой үйлдлийг ард түмний татварын мөнгөөр угждаг үйлдэл хэрхэвч байж болохгүй. Манай хэвлэл мэдээллийн төлөөллүүд, гишүүд хууль дээр санаачилгатай ажиллаасай гэж хүсэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!