Монголын Сагсан Бөмбөгийн "Дээд лиг" 2024 оны аравдугаар сард нээлтээ хийснээс хойш шигшээ цувралын зургаа дахь тоглолтоор өндөрлөлөө. Лигт 21 дэх жилдээ тоглож буй "Хасын Хүлэгүүд" баг гол өрсөлдөгч "Бишрэлт Металл"-ыг нэмэлт цагт 81:78-аар буулган авснаар 4:2-оор илүүрхэж, ес дэх удаагаа лигийн аварга болсон юм.
Цувралын зургаа дахь тоглолтод "Хасын Хүлэгүүд" баг эхний хагаст долоон оноогоор илүүрхсэн. Ялангуяа хоёрдугаар үед багаараа 28 оноо авснаас 17 оноог америк легионер Иан Миллер ганцаараа "түүв". Аваргууд гуравдугаар үед энэ давуу талаа хадгалж үлдсэн ч шийдвэрлэх дөрөвдүгээр үед "Металл" сайн хамгаалалтынхаа ачаар тоог тэнцүүлэв. Шигшээ цувралд бэртлийн улмаас багтаа төдийлөн тус болж чадаагүй А.Энхбаясгалан дөрвөн удаа эсрэг багийн тоглогчоос бөмбөг "хулгайлж", үндсэн цаг дуусахаас 23 секундийн өмнө тоог тэнцүүлсэн хоёр оноог авчирснаар нэмэлт цаг сунгав.
Тэрбээр нэмэлт цагийн эхний довтолгоог амжилттай болгосноор баг нь 74:76-гаар тэргүүлж эхэлсэн ч үлдсэн хугацаанд "Хасын Хүлэгүүд" баг илүүрхэв.
"Бишрэлт Металл"-аас Б.Уэсли 24 оноо, Т.Ууганбаяр 16 оноо, А.Энхбаясгалан 15 оноо авсан бол "Хасын Хүлэгүүд"-ээс Иан Миллер 19 оноо, Жордан Толберт 17 оноо, 11 самбар, А.Азбаяр 16 оноо, 11 самбараас бөмбөг авчээ. "Хүлэгүүд" багаараа 25 удаа бөмбөгөө алдсан ч эсрэг багаас 19 самбар илүү авсан нь хожлын гол түлхүүр болов.
Шигшээ цуврал
Ийнхүү "Хүлэгүүд" баг Дээд лигт хоёр жил дараалан аваргаллаа. 21 жилийн түүхтэй тус баг энэ хугацаанд ес дэхээ цом өргөж буй юм. Хамгийн анх 2007 - 2008 оны улиралд аваргалсан тэд гурав дараалан түрүүлж, лигт шинэ рекорд тогтоосон түүхтэй.
Улмаар 2014, 2018, 2019, 2022, 2024, 2025 онд аваргын цом өргөв.
Харин "Бишрэлт Металл" баг гурван жил дараалан аваргын цомын төлөө өрсөлдсөн ч түрүүлж чадсангүй. Тэд 2023 онд "Эрдэнэт Майнерс" багт дийлдсэн бол сүүлийн хоёр улиралд "Хасын Хүлэгүүд" багийг барсангүй.
Шигшээ цувралын шилдэг тоглогчоор "Хасын Хүлэгүүд" багийн 33 настай америк эр Иан Миллер тодров. Тэрбээр цувралын хоёр дахь тоглолтод 21 минут тоглохдоо нэг ч оноо аваагүйг эс тооцвол үлдсэн таван тоглолтын дөрөвт нь 20-оос дээш оноо авч, шийдвэрлэх зургаа дахь тоглолтод багаа оноогоор тэргүүлжээ.
Ийнхүү "Хасын Хүлэгүүд" баг Дээд лигт түрүүлснээр Зүүн Азийн Супер Лиг (EASL)-д оролцох эрхээ авлаа.
Шагналын сан өндөр тус тэмцээнд Японы гурав, БНСУ, Тайвань, Филиппиний тус бүр хоёр, Макао болон Хонконгийн багууд өрсөлдөх юм. Ирэх улирлаас Монголын Дээд лигт түрүүлсэн баг нь тус тэмцээнд оролцох эрх авахаар Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ) урт хугацааны гэрээ байгуулснаа зарлаж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|