Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр монголчуудыг омогшуулсан үйл явдал болсон билээ. Холимог тулааны Азийн хамгийн том холбоо болох "One" холбооны Bantamweight буюу 65.8 кг-ын жинд аваргын бүсийн төлөө Монголын Б.Энх-Оргил тулалдсан юм.
Тэрбээр тулааны дөрөвдүгээр үед өрсөлдөгчөө боох мэхээр цэвэр ялснаар "One" холбоонд аваргалсан хоёр дахь монгол тулаанч болсон билээ.
Одоогоос 11 жилийн өмнө буюу 2014 онд Ж.Нарантунгалаг 70.3 кг-ын жинд Японы Коижи Оишиг ялснаар тус жинд аваргалсан гурав дахь тамирчин болж байв.
Тэгвэл Б.Энх-Оргилын хувьд 65.8 кг-ын жинд аваргын бүс зүүж буй гурав дахь ази, зургаа дахь тулаанч юм.
Сонирхуулахад "One Championship" холбоо нь өмнө нь "One Fighting Championship" нэрээр 2011 оноос үйл ажиллагаа явуулж байгаад 2015 оноос одоогийн нэрээ олсон юм. Өдгөө олон улсад цар хүрээгээрээ UFC холбооны дараа орох тулааны холбоо билээ.
Тус холбоо аваргуудад олгодог шилжин явах бүсийн загварыг 2022 онд шинэчилсэн юм. Бүсний титмийн дээр байрлах долоон улаан эрдэнэ нь ёс журам, төлөв даруу зан чанар, нэр төр, хүндлэл, эр зориг, сахилга бат болон энэрэл нигүүлслийг илэрхийлдэг аж.
Бүсийн хоёр талд нь 42 ширхэг цагаан эрдэнэс шигтгэсэн бөгөөд тус бүсийн нийт жин нь 12 кг орчим юм. Энэ нь ижил төрлийн бүснүүдтэй харьцуулахад хүнд жинтэйд тооцогддог. Тодруулбал UFC холбооны аваргын бүс ойролцоогоор 5 кг байдаг.
"One Championship" холбооны хувьд хэд хэдэн нөхцөлтэй тамирчидтай гэрээ байгуулдаг. Б.Энх-Оргилын хувьд 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд $100,000 ам.долларын гэрээг үзэглэжээ. Тэрбээр Монголд зохион байгуулагдсан "Road to ONE:Mongolia" тэмцээнд ялснаар энэ холбооны тамирчин болсон юм. Дийлэнх тамирчид гэрээний хугацаанд 3-6 тулаан хийдэг.
Мөн тамирчид гэрээнээсээ гадна тулааны шагнал авна. Нэг тулаанд хамгийн багадаа нэг, ихдээ таван тамирчин урамшуулал авах боломжтой.
Б.Энх-Оргилын хувьд өмнө нь "One Friday Fight 17" тулаанд Филиппиний тамирчин Роки Бактолыг ялсныхаа дараа $10,000 урамшуулал авсан бол аваргын бүс зүүхдээ $50,000 "халаасалсан" билээ.
Тус холбооны шагналын бонус $10,000 - $100,000 хүртэл байх боломжтой байдаг аж. Харьцуулахад UFC холбооны тулааны урамшуулал ч бас $50,000. Америкийн тулааны холбоо өнгөрсөн жил UFC 300 дахь тулаанаа хийхдээ л урамшууллын дүнгээ $300,000-д хүргэсэн удаатай. Улмаар алдарт Макс Холлавай хоёр шагналыг авснаар нийтдээ $600,000 бонус авсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!