Холимог тулааны Азийн хамгийн том холбоо болох "One" холбооны ээлжит тулаан өндөрлөлөө.
Bantamweight буюу 65.8 кг-ын жинд аваргын бүсийг 2023 оноос хойш эзэмшиж буй Фабрико Андрадегийн эсрэг чансааны №4-т жагсаж буй Монголын Б.Энх-Оргил "One Fight Night 38"-ын оргил тулаанаар нэрлэгдсэн юм.
Тулааны дөрөвдүгээр үед манай тамирчин хүчтэй өрсөлдөгчөө боох мэхээр цэвэр ялснаар тус холбооны аварга болсон хоёр дахь монгол тулаанч боллоо.
"Team Tungaa" буюу Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн удирдлага дор бэлтгэлээ базаадаг Б.Энх-Оргил 2009 оноос холимог тулааны спортоор хичээллэсэн нэгэн.
Харин "One" холбоонд 2023 оноос хойш найман тулаан хийснээс долоод нь ялалт байгуулав.
Тэр дундаа сүүлийн гурван тулаанд дараалан ялснаар Ф.Андрадегийн эсрэг бүсийн төлөө тулалдах эрхтэй болсон юм.
Энэ удаад аваргын бүс зүүснээс гадна шилдэг тулааны ялагчид олгодог $50,000 шагналын эзэн болжээ.
Сонирхуулахад түүний багш Ж.Нарантунгалаг одоогоос 11 жилийн өмнө буюу 2014 онд Японы Кожи Оишиг ялснаар аваргын бүс эзэмшиж байлаа. Хожим хоёр ч удаа аваргын бүсийн төлөө тулалдсан ч ялж чадаагүй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!