Эр зоригийн "халуун цэг", авто спортын тамирчдын олимп гэгдэх "Дакар 2026" уралдаан Саудын Арабын нутгаар долоо дахь удаагаа зохион байгуулагдсан юм.
48 дахь удаагийн "Дакар" уралдаан нэгдүгээр сарын 3-наас 17-ыг дуустал нийт 7,994 км замыг мотоцикл, автомашин, том тэрэг оролцуулаад 317 техник хэрэгсэл, 564 тамирчин хурд сорьсон байна.
Тэр дундаа мотоциклийн төрөлд 115 тамирчин эрхээ авч оролцсоноос 90 нь замаа дуусгасан. Энэ дунд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд, мото спортын олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар байв.
Анх удаа оролцсон Э.Халиунболд 54:43;42 цагийн амжилтаар нийлбэр дүнгээр 16, "Rally 2" төрөлдөө VI байр эзэлсэн бол шинэ уралдаанчаас гуравдугаарт жагссан.
Харин хоёр дахь удаагаа оролцож буй П.Мөрөн 60:42;11 цагийн амжилтаар нийлбэр дүнгээр 29, "Rally 2" төрөлд 19 дүгээр байр эзэлсэн юм.
Э.Халиунболд бол удам дамжсан тамирчин. Түүний аав нь мото спортын гавьяат тамирчин Ш.Эрдэнэбилэг. Тэгвэл Э.Халиунболд уг төрөлдөө 2008 онд шар тивийн аварга болж, 2009, 2010 онд дараалан мөнгөн медаль хүртсэн билээ. Уг амжилтаараа 2023 онд Монгол Улсын Гавьяат тамирчин болсон юм.
Дөрвөн настайгаасаа их спортоор хичээллэж эхэлсэн тэрбээр Монголдоо анхдагч өсвөрийн уралдаанч байв.
Өдгөө 37 настай Э.Халиунболд 2019 оноос хойш гурван жил гаруй их спортоосоо хөндийрсөн. Улмаар 2025 онд "Тал нутгаас Дакарт" төслийн хүрээнд ралли уралдаанд хурд сорихоор төлөвлөснөө зарласан. Ингээд Абу Дабигийн тэмцээнд 14, Марокко Улсад жил бүр болдог авто уралдаанд 16 дугаар байр эзэлснээр "Дакар"-т оролцох эрхээ авсан юм.
"Дакар"-т тэр оролцоод зогсохгүй уралдаж үзүүлсэн. Гурав дахь гараанд 736 км замын эцэст "Rally 2" ангилалдаа дөрөвдүгээр байр эзэлсэн нь Монгол тамирчдын хувьд дээд амжилт.
Мөн 2024 оны арванхоёрдугаар гараанаас хойш ТОП - 5-д багтсан анхны ази тамирчин гэж албан ёсны сайтад онцолсон аж.
Сонирхуулахад мотоциклийн төрөлд Аргентины тамирчин Лучио Бенавидес түрүүлсэн. 2018 оноос хойш тасралтгүй оролцож буй 30 настай латин залуу гурван гараанд өнгөлснөөр нийлбэр дүнгээр тэргүүлэх болзлоо биелүүлжээ.
Энэ жил "Дакар"-т анх удаа оролцож буй тамирчдаас 35 нь замаа дуусгасан юм. Э.Халиунболд тэдний нэг нь. Нийт 54 цаг, 43 минут, 42 секундээр замаа өндөрлүүлсэн манай тамирчин нийлбэр дүнгээр 16 дугаар байр эзэлж, "Rally 2" ангилалдаа зургаад, харин анх удаа оролцогчдоос гуравдугаар байрт бичигдэв.
Тэмцээнийхээ талаар тэрбээр "Эхний өдөр гарандаа бэртэл авсан. Хавдар нь буухгүй явсаар одоо арай гайгүй боллоо. Гарны бэртлээсээ болоод эхний хэдэн өдөр сэтгэлзүй тогтворгүй байсан ч уралдааны явцад хат сууж, сэтгэлзүйгээ сайн барьж чадсан.
Миний хувьд энэ тэмцээний бүх юм нь шинэ байлаа. Хэдийгээр өмнө нь олон тэмцээнд оролцож байсан ч маш их туршлага хуримтлуулсан.
Би 2019 оноос хойш гурван жил мотоцикл унаагүй. Харин 2024 оноос "Дакар"-т уралдах зорилго тавиад түүндээ хүрлээ. Цаашид 2-3 жил тогтвортой уралдана гэж бодож байна. Хэрвээ боломж олдвол энэ жилийн цуврал уралдаанд бүгдэд нь оролцохоор төлөвлөсөн. Энэ жил хуваарь өөрчлөгдөөд гуравдугаар сараас Португалид Дэлхийн цомын тэмцээн эхэлнэ. Үргэлжлүүлээд Марокко, Абу Даби гээд энэ жил оролцох боломжтой дөрвөн тэмцээн бий. Эдгээр тэмцээнд амжилт үзүүлээд ирэх жил "Дакар"-т амжилтаа ахиулах бодолтой байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!