"Иргэний нийгмийн байгууллагууд COP17 бага хурлын үеэр төсөл хөтөлбөрөө танилцуулж, санхүүжилт авах боломжтой"

Н.Эрхбаяр, iKon.mn
2026 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17) 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Үүнтэй холбогдуулан байгаль орчны салбарын иргэний нийгмийн оролцоог идэвхжүүлэх зорилго бүхий уулзалт Гадаад харилцааны яаманд өнөөдөр боллоо. Уг уулзалтад иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба болон "Тэрбум мод хөдөлгөөн" ТББ-тай мэдээлэл солилцов. 

COP17 бага хуралд оролцох төрийн бус байгууллагуудын зохицуулагчаар "Тэрбум мод хөдөлгөөн" ТББ болон Монголын бэлчээр судлалын "Ногоон алт" төв ТББ сонгогдож, хамтран ажиллахаар болсон байна.

Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хэрхэн хангах талаар "Тэрбум мод хөдөлгөөн" ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Энхтайван дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр "COP17 бага хуралд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо маш чухал. Ингэхдээ байгууллагынхаа зорилго, зорилтод нийцсэн төсөл хөтөлбөрүүд, санаачилгаа олон талт хэлбэрээр танилцуулж, 170 гаруй орноос ирэх төлөөлөгчдөд ойлгуулах учиртай.

Энэ оролцоог хангах үүднээс төрийн бус байгууллагуудын зохицуулагчаар "Тэрбум мод хөдөлгөөн" ТББ өнөөдөр сонгогдлоо. Ингэснээр COP17 бага хуралд төрийн бус байгууллагуудын оролцоог хангах, ямар төсөл хөтөлбөрүүд танилцуулах зэрэг ажлыг зохион байгуулахад "Монголын бэлчээр судлалын Ногоон алт төв" ТББ-тай хамтран ажиллахаар болж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэний нийгмийн байгууллагууд санхүүжүүлэгч байгууллагад төсөл хөтөлбөр танилцуулж, санхүүжилт авах нь хамгийн гол зорилтын нэг мөн.

COP17 хурлын үеэр "хөх" болон "ногоон" бүс дээр ажиллахад тодорхой шалгуур хангасан байх ёстой. Үндэсний хорооны Ажлын албаны сайт болон манай төрийн бус байгууллагын сайт дээр бэлтгэл ажлаа хэрхэн хангах талаар мэдээлэл гарна.

Өнөөдрийн уулзалтад иргэний нийгмийн 180 гаруй байгууллага оролцох хүсэлтээ илэрхийлснээс танхимаар 150 байгууллага ирлээ. Үлдсэн 30 байгууллага нь цахимаар оролцож байна" хэмээн ярив. 

"COP17 бага хурал бол төрийн бус байгууллагуудын хийж буй ажлаа танилцуулах томоохон боломж юм"

Түүнчлэн COP17 бага хуралд оролцох хүсэлтэй иргэний нийгмийн байгууллагууд албан ёсны байгууллагаас итгэмжлэл авах ёстой юм байна. Энэ талаар "Монголын бэлчээр судлалын Ногоон алт төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Бурмаа мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Манай байгууллага бэлчээрийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг. Судалгааны үр дүнд үндэслээд сүүлийн үеийн шинэ технологийг хөдөө аж ахуйд нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэг сарын өмнө COP17 бага хуралд албан ёсоор оролцох итгэмжлэлээ авсан. Гурван том төслийн санал бичиж байгаа бөгөөд бага хурлын үеэр танилцуулахаар төлөвлөсөн.

Иргэний нийгмийн байгууллагууд итгэмжлэл авснаар Бага хурлын "хөх бүс" дээр мэдээлэл өгөх эрх нээгдэх бөгөөд өндөр түвшний уулзалтууд дээр өөрийн дуу хоолойг хүргэх, бодлого гаргахад оролцох боломж үүснэ.

Итгэмжлэл авахын тулд COP17-ын албан ёсны цахим хуудсаар орж байгууллагаа бүртгүүлнэ. Мэдээллээ явуулсны дараа бараг нэг сар гаруй хүлээгээд албан ёсоор итгэмжлүүллээ гэдэг мэйл хүлээнэ авна.

Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд аль болох эртхэн итгэмжлэлээ авах хэрэгтэй. Үүний дараа бидэнтэй холбогдоод дараагийн ажлуудынхаа талаар ярилцаад явна гэсэн үг. Иргэний нийгмийн байгууллагууд итгэмжлэгдээд COP17 бага хуралд оролцвол зорьсон ажлынхаа үр дүнг танилцуулах боломжтой. COP17 бага хурал бол төрийн бус байгууллагуудын хийж буй ажлаа танилцуулах томоохон боломж юм" хэмээн ярилаа.

фото:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг