Өсвөр үеийнхний 60.5% нь сэтгэл хөдлөл, зан үйлийн хувьд эрүүл байна

П.Сайнжаргал, IKON.MN
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монгол Улс дахь сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин ба шийдэл” анхдугаар чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна. 

Чуулганаар:

  • Монгол Улс дахь сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал
  • Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах бодлогын чиглэл, шийдэл
  • Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагыг бэхжүүлэх асуудал
  • Иргэдийн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих чиглэлээр төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, үйлчилгээ үзүүлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах зэрэг үндсэн асуудлыг хэлэлцэн шийдэл гарцыг эрэлхийлэн тодорхойлж санал, зөвлөмж боловсруулах аж. 

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээ авах хэрэгцээ эрчимтэй нэмэгдэж байгааг сэтгэл зүйчид хэлж байлаа. 

Ялангуяа нийт хүн амын 25 хувийг эзэлдэг 10-24 насны өсвөр үеийнхний 60.5% нь сэтгэл хөдлөл, зан үйлийн хувьд эрүүл ч 30.5% нь асуудалтай байгаа нь (UNICEF Mongolia, 2022) энэ чиглэлийн эрэлт улам өссөнийг илтгэжээ. 

Үүнтэй зэрэгцэн хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчид, ахмад настан болон байгууллага хамт олны дунд сэтгэл зүйн дэмжлэг шаардлагатай иргэдийн тоо нэмэгдэж, харин сургуулийн орчин дахь дэмжлэг, мэргэжлийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй хэвээр байгаа тул сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, мэргэжлийн стандарт, ёс зүй, хариуцлагын асуудал нийгмийн анхаарлын төвд байсаар байна. 

Чуулганаар Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны холбооны ТУЗ-ийн дарга Б.Жавзан “Сэтгэл зүйн тусламж үйлчилгээний нэгдсэн тогтолцооны хэрэгцээ шаардлага, үүрэг оролцоо ба цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв

Тэрбээр "Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний тухай хууль нь зөвхөн нэг мэргэжлийн эрх ашгийг хамгаалах хууль биш. Харин иргэдийн эрхийг хамгаалах, үйлчилгээний чанар, хүртээмжийг баталгаажуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах хүний хөгжлийн суурь хуультай байх шаардлагатай.

Энэ бол хүний хөгжил, гэр бүлийн тогтвортой байдал, хүүхдийн аюулгүй байдал, хөдөлмөрийн бүтээмж, шударга ёс, үндэсний аюулгүй байдлыг дэмжих суурь нийгмийн үйлчилгээ юм" хэмээв. 

Тус чуулганаас гарах санал, зөвлөмж, шийдэл нь Монгол Улсын хүн амын сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, чанартай, хүртээмжтэй сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтойг салбарынхан онцоллоо.