Улаанбаатарын Их Дуулгын эхний өдөр Монголын хоёр жүдоч хүрлийн төлөө барилдана
Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг Улаанбаатар Их Дуулгын эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн бөхчүүд хүч үзлээ.
Нийт 58 орны 454 жүдоч өрсөлдөж буй энэ удаагийн тэмцээний эхний таван жингийн хэсгийн барилдааны дараа Монголоос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-ын жинд0 ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк нар хүрлийн төлөө барилдахаар боллоо.
Б.Сүхбат хүрлийн төлөө Гүржийн Жоржи Сардалашвилитэй хүч үзэх бол К.Ёолк Азербайжаны Низами Имрановтой медалийн төлөө оноолт таарчээ.
Парисын олимпоос мөнгөн медаль авсныхаа дараа хэсэг хугацаанд дэвжээндээ гараагүй Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү Улаанбаатарын татамид эргэн ирсэн. Эхний тойрогт Нидерландын Амбер Гержесийг буулган авсан ч Бельгийн Лоис Пететийг дийлсэнгүй.
Шигшээ барилдаан 17:00 цагаас үргэлжлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

