Оросын агаарын цохилтод ашиглагддаг төхөөрөмжүүдээ унтраахыг Беларусийн ерөнхийлөгчөөс Зеленский шаардлаа
Оросын агаарын цохилтод ашигладаг төхөөрөмжүүдийг нэг долоо хоногийн дотор өөрийн улсаас гаргахыг Беларусийн ерөнхийлөгчөөс Украины ерөнхийлөгч шаардаж, хэрвээ ингэхгүй бол өөрөө арга хэмжээ авахаа анхааруулсан байна.
Баасан гарагт Володимир Зеленский тус улстай хил залгадаг Беларусийн хоёр бүс нутагт Оросын агаарын довтолгоог чиглүүлэхэд ашиглагддаг радио дохионы релей станцууд байрлаж буйг мэдэгджээ.
“Тэр (Лукашенко) дайнд оролцохыг хүсэхгүй байгаагаа хэлдэг ч энэ нь ямар учиртай юм бэ? Тэр эдгээр тоног төхөөрөмжөө авч хаях, эсвэл унтраах хэрэгтэй. Үүнийг хийхэд нэг долоо хоног хангалттай гэж би бодож байна. Хэрвээ тэр үүнийг хийхгүй бол бид хийх болно” гэж Киевт болсон хэвлэлийн хурлын үеэр Зеленский хэлсэн юм.
Сүүлийн саруудад тэр Орос улс Беларусийг дайнд илүү гүнзгий татан оролцуулахаар төлөвлөж буйг удаа дараа анхааруулж байгаа.
2022 оны хоёрдугаар сард Оросын зэвсэгт хүчин Украины нутагт халдан довтлохдоо Беларусийн нутаг дэвсгэрийг ашиглаж байсан юм.
Өнгөрсөн сард Александр Лукашенко дайнд татагдан орох санааг няцаасан ч хэрвээ түрэмгийлэлд өртвөл Оростой хамтран өөрийгөө хамгаалахыг анхааруулж байв.
Энэ долоо хоногт Al-Arabiya сувагт өгсөн ярилцлагадаа тэрбээр Украин улс Беларусиас айх шаардлагагүйг, бас дайныг зогсоохын тулд хоёр тал аль аль нь буулт хийх ёстойг хэлсэн юм.
Оросын тал саяхан тус улсын нутаг дэвсгэр дээгүүр Беларусийн хүүхдүүдийг тээвэрлэж байсан автобусанд халдсан хэрэгт Украиныг буруутгасан.
Киевийн эрх баригчид уг буруутгалыг няцаасан юм.
Халдлагын үеэр хүүхдүүдийг дагалдаж явсан нэг эмэгтэй алагдаж, найман хүн шархадсаны зургаа нь хүүхдүүд байжээ.
Беларусийн гадаад хэргийн яам энэ талаар бүрэн тайлбар өгөхийг Украины талаас шаардсанаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

