Жоржа Мелони өөртэй нь зургаа авхуулахыг гуйсан тухай Трамп ярьсны дараа Италийн сайд АНУ-д хийх айлчлалаа цуцлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхий сайд Жоржиа Мелонийг элэглэн шоолсон утгатай зүйл ярьсан нь АНУ-Италийн харилцаанд маргаан үүсгэсэн байна.

Үүний улмаас Италийн гадаад хэргийн сайд Антонио Таяни ирэх Ням, Даваа гарагуудад АНУ-д хийх байсан айлчлалаа цуцалж буйг өчигдөр зарлажээ.

“Ерөнхийлөгч Трампын доромжилсон агуулгатай үгс Итали улсыг бүхэлд нь гомдоолоо” гэж Баасан гарагт Таяни сошиал хуудсандаа бичсэн юм.

Энэ долоо хоногийн эхээр Францын нэг хотод зохион байгуулагдсан Их Долоогийн дээд хэмжээний чуулганы үеэр Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони “надтай зургаа хамт авхуулахыг маш их хүсэж байсан, би түүнийг өрөвдсөндөө зөвшөөрсөн” гэж Трамп саяхан ярьжээ.

Трамп бас “би түүнтэй ярилцах шаардлагагүй байсан ч тэр надтай ярилцсандаа баяртай байсан” гэж хэлсэн юм.

зураг
 

Үүний дараа Италийн “La7” телевизээр Мелони ярихдаа Трампын ярьсныг “зохиомол түүх” гээд ийм зүйл болсныг эрс үгүйсгэжээ.

Тэрбээр Трампын ярьсан зүйлд “гайхсан” тухайгаа хэлээд “Би ч, Итали ч хэзээ ч гуйдаггүй юм” гэж мэдэгдсэн байна.

Дараа нь Мелони сошиал хуудсандаа “АНУ-ын ерөнхийлөгч өөрийн холбоотнуудтай яагаад ингэж харьцдагийг би ойлгохгүй байна. Тэрбээр Өрнөдийн дайснууд, АНУ-ын дайснуудад адилхан шийдэмгий өнгө аяс харуулдаггүй, харин ч тэдний удирдагчидтай илүү найрсаг харилцдаг нь харамсалтай” гэж бичжээ.

  Лхагва гарагт өндөрлөсөн Их Долоогийн чуулганы төгсгөлд Трамп болон бусад удирдагчидтай “маш эерэг яриа өрнүүлж”, “маргаан зөрчлөө арилгасан” тухай Мелони мэдэгдэж байв.

Мелони нь АНУ болон Европын орнуудыг холбодог гүүр хэмээн өргөмжлөгдөж байсан удаатай.

Гэвч Ираны дайны үеэр Трамп, Мелони нарын харилцаа муудсан юм.

Дөрөвдүгээр сард Трамп дайныг нь шүүмжилсэн Ромын пап руу дайрч давшлахад Мелони өмгөөлж байлаа.

Үүний хариуд Трамп бас Мелони руу хэл амаар дайрч байв.

“Би түүний үйлдэлд их гайхлаа. Би түүнийг зоригтой гэж бодож байсан нь буруу байжээ” гэж тухайн үед Мелонигийн талаар Трамп шүүмжлэн ярьж байсан юм.

Трамп бас Ираны эсрэг дайнд нь дэмжлэг үзүүлээгүй Мелонийг шүүмжилж, АНУ-ын цэргийг Италиас татахаар сүрдүүлж байв.

 

Эх сурвалж: AFP