Орон сууц, нийтийн аж ахуй, авто зам, тохижилт үйлчилгээний ажилтнуудын ХАРИЛЦАА хандлагатай холбоотой ГОМДОЛ их байгааг дурдлаа
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаан өнөөдөр болж байна.
Энэ үеэр татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчид иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ харилцаа хандлагын зөрчил гаргадаг асуудал ба хариуцлагын талаар НИТХ-ын Ардчилсан Намын бүлгийн төлөөлөгч Т.Батцогт хөндөж, асуулт асуув.
Тэрбээр "Татвар төлөгчдийн мөнгөнөөс цалинг нь аваад сууж байгаа үйлчилгээ үзүүлэх нөхөд маань өөрсдийгөө хэрхэн ажиллаж буй үнэлгээгээ танилцуулж байна. Анх удаа танилцуулга ирсэн.
Жилдээ ядаж нэг удаа төрийн байгууллагын иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний талаарх тайлан мэдээг ИТХ-аар хэлэлцэх нь зөв байх. Ингээгүйгээс болж хүндрэл үүсдэг.
Иргэдээс удаа дараа хандсан, олон жил тавьж байгаа ямар асуудлууд байна вэ, эдгээрийг эрэмбэлж харсан уу, эрэмбэлж харсан бол шийдвэрлэхийн тулд ямар ажлуудыг хийсэн бэ гэх мэт асуулт бий.
Тайланд дурдсанаар иргэдээс ирж байгаа өргөдөл гомдлыг 97.8 хувиар шийдвэрлэсэн гэжээ. 2025-2026 онд нийт 64,611 өргөдөл гомдол ирсэн. Үүнээс 63,170 гомдлыг шийдсэн гэж байна. Хүний асуудлыг шийдвэрлэсэн бол эргээд тэр хэмжээгээр талархал байх ёстой. Хэрэв талархал нь байхгүй бол хувийн хэвшлүүдээс сайн жишээг нь авах ёстой.
Төрийн алба гэхээрээ л хариуцлагагүй муу байж болохгүй.
Жишээлбэл 11 төрлийн байгууллагыг хувьчлаад гаргажээ. Нийт төрийн байгууллагаас 77.1 хувийг эдгээр 11 байгууллагын өргөдөл санал эзэлсэн.
Иргэдтэй харьцаж байгаа байгууллагын ажилтан албан хаагчидтай холбоотой гомдол. Жишээлбэл орон сууц, нийтийн аж ахуйн инженерийн байгууламж, авто замын салбарынхан, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт үйлчилгээтэй холбоотой байна.
Гэвч эдгээр байгууллагын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, зөрчил гаргасан албан хаагчид ямар хариуцлага тооцсон тайлан алга" гэлээ.
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өгөхдөө "Хариуцлагыг чангатгах зэрэг бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Тайлант хугацаанд 18 албан хаагчид хуулийн дагуу сахилгын шийтгэл, 157 албан хаагчид байгууллагын дотоод журмаар анхааруулга өгсөн. Үүнээс хоёр албан хаагчийг ажлаас халж, 16 албан хаагчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
