Монголоос UFC-д тулалдах гурав дахь тамирчин Б.Намсрайн өрсөлдөгч Андре Лима гэж хэн бэ?
Холимог тулааны хамгийн том холбоо гэж болох Ultimate Fighting Championship буюу UFC-д Монголоос тулалдах эрх авсан Батбаярын Намсрайн эхний тулааны тов тодорсон билээ. Тодруулбал орон нутгийн цагаар наймдугаар сарын 29-ний Бямба гарагт БНХАУ-ын Шанхай хотноо болох тулаанд тэр гарна.
ОХУ-ын тулаанч Умар Нурмагомедов, БНХАУ-ын Сон Ядунг нарын гол тулааны өмнөх чансаа ахиулах тулаанд Б.Намсрай Бразилын Андре Лиматай нударга зөрүүлэх юм.
Өдгөө 27 настай А.Лима хоёр жилийн өмнө Т.Нямжаргалтай тулалдахаар төлөвлөсөн ч манай тамирчин визийн асуудлаар тулаанаа цуцалсан удаатай.
Тэрбээр 2024 оны гуравдугаар сард UFC-д хийсэн анхны тулаанаасаа олонд танигдсан хүн. Нутаг нэгт Игорь Северино түүнийг хазаж, UFC дэх тулааны замналаа өндөрлүүлсэн түүхтэй. Үүнээс хойш тэр Мич Рапосо, Фелип Дос Сантош, Даньел Барез нарыг дараалан ялсан ч өнгөрсөн оны зургаадугаар сард Кэвин Борхаст дийлдсэн юм.
И.Северинод хазуулсан булчин дээрээ тэр дараа нь шивээс хийлгэж байв. "Bite of Night" гэх нэрээр түүхэнд үлдсэн энэ тулаанаар А.Лимад 50,000 ам.долларын урамшуулал өгсөн байдаг.
Манай тамирчин Б.Намсрай өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын Шуай Иенийг буулгаж авснаар UFC-д тулалдах эрхээ авсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
