ФОТО : "Энхтайваны гүүрний нэгдүгээр эгнээний хучилтын ажил маргааш өглөө дуусна"

Б.Мөнхтуяа, ikon.mn
12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

1958 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-ын буцалтгүй тусламжаар баригдсан Энхтайваны гүүрийг энэ онд засварлаж, шинэчлэхээр болоод байв.

Ингэхдээ түр гүүрэн байгууламж барьж, замын хөдөлгөөнийг зохицуулан гүүрийг хүчитгэснээр насжилтыг нь 15-20 жилээр уртасгана гэж мэдэгдсэн. Гэвч их засварын сураг намжиж, нэгдүгээр эгнээг хучиж эхлэв. Иймд нийслэлийн замын хөдөлгөөн, иргэдийн зорчилтод ихээхэн нөлөөтэй уг гүүрийг засварлах ажил ямар шатандаа байгааг Нийслэлийн Замын Хөгжлийн Газар(НЗХГ)-ын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Гүүрийг хүчитгэх, их засвар, шинэчлэлийн зураг төсөл одоогоор дуусаагүй. Гэхдээ Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын хүсэлтээр эхний ээлжид нэгдүгээр эгнээний хучилтын ажлыг хийж байна. Эвдрэлтэй хэсгүүдийг нь зорж аваад, шинээр хучиж байгаа. Маргааш өглөө дуусна.

Гүүрний их засвараар дам нурууг хүчитгээд гаднах засваруудыг хийн хуучин загварыг хадгална. Түүнээс биш ямар нэгэн байдлаар өөрчлөхгүй" гэлээ.

Харин их засварын үед түр гүүрэн байгууламж барих талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр "Түр гүүрэн байгууламж барьж замын хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөсөн ч зураг нь зөвшилцөхгүй байгаа учир удааширсан. Дулааны төв магистраль, айл өрх, аж ахуйн нэгжийн газартай давхцаж таарахаар байгаа тул шийдлээ хүлээж байна. Хугацаа хэлэх боломжгүй байгаа” гэлээ.

Энхтайваны гүүр нь хотын төвийг Хан Уул дүүрэгтэй холбох чухал үүргийг гүйцэтгэдэг замын хөдөлгөөний гол зорчих хэсэг билээ. Өдгөө 69 жил болж буй уг гүүрний дам нуруу болон тулгуур баганыг 2006 онд хүчитгэж, засварласан бол 2020 онд явган хүний зам, авто замын зорчих хэсэгт засварууд хийсэн байдаг. Өөрөөр хүчитгэх болон их засвар хийгээгүй бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй үнэлгээ авснаар 2025 онд их засварын зураг төсөл гүйцэтгэгчийг шалгаруулж, энэ онд барилгын ажлыг эхлүүлэхээр анх төлөвлөсөн.

Гүүрийг шинэчлэх их засварын зургийг боловсруулахаар шалгарсан "ДБЭТ" компанийн өнгөрсөн онд өгч байсан мэдээллээр "Их засвар хийхдээ өндөр зэрэглэлийн ус тусгаарлагч угсарч, 15-20 жилийн баталгаа өгөхөөр зургийг боловсруулж байна. Энхтайваны гүүрний насжилт 15-20 жилээр уртасна гэж тооцоолсон" гэж байв. 

Зураг төсөл бүрэн эцэслэгдэн батлагдсаны дараагаар барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг