Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын үеэр хэд хэдэн тамирчин "ор сураггүй" болжээ
Британийн Эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан улс орнуудын спортын наадам Шотландын Глазко хотод долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 2-нийг дуустал үргэлжилсэн юм.
Нийт 74 улсын 2,729 тамирчин оролцсон тус наадамд оролцсон зарим тамирчин сураггүй алга болжээ. Ням гарагт өндөрлөсөн уг наадмын дараа Уганда болон Пакистаны таван боксчин "ор сураггүй" алга болсон гэх мэдээллийг Шотландын цагдаагийн газраас шалгаж байна.
Одоогоор хуулийн байгууллагаас сураггүй болсон тамирчдын тоог эцэслэн зарласангүй. Тэд холбогдох байгууллагаас мэдээлэл хүлээн авснаа баталсан ч шалгагдаж байгаа үед тодорхой мэдээлэл өгөхгүй гэсэн юм.
Гэхдээ олны анхаарлыг татаж байгаа нь Угандын боксын шигшээ баг. Тус багийн зургаан тамирчны дөрөв нь өнгөрсөн Мягмар гарагт нутаг буцсан бусад багийнхантайгаа нэгдээгүй аж. NBS Sport-ийн баталснаар Нуху Батт, Анжел Катүшабэ, Ибрахим Хемис болон Эмили Накалема нар сураггүй болжээ. Харин багийн бусад тамирчид нутаг буцсан байна.
"Сураггүй" болсон тамирчдын талаар тодорхой мэдээлэл гараагүй боловч орон нутгийн хэвлэлд бичсэнээр бол тамирчдын нэг нь Шотландаас орогнол хүссэн бололтой.
Угандын боксчдын адил Пакистаны боксчин Кудрат Улла мөн сураггүй болсон талаар орон нутгийн хэвлэлд онцолсон.
Аливаа олон улсын том наадмын үеэр тамирчдын оролцох төрөл нь дууссанаас хойш 48 цагийн дараа тухайн улс орныг орхиж явах журамтай. Боксын тэмцээн ихэвчлэн сүүлийн өдөр хүртэл үргэлжилдэг юм. Цагдаагийн байгууллагаас алга болсон тамирчдын мэдээллийг Дотоод хэргийн яамтай хамтран шалгаж байгаа аж.
Гэхдээ тус яам орогнол хүссэн хувь хүний мэдээллийг олон нийтэд мэдээлдэггүй бөгөөд хүсэлт тус бүрийг хянаж үздэг байна.
Өмнөх наадмуудаар ижил төстэй хэрэг удаа дараа гарч байсан билээ. Тухайлбал 2018 онд Австралид болсон тэмцээний үеэр албаныхан нэг сарын хугацаанд 50 тамирчин, албаны хүнийг "хайж" байсан бол өөр 190 хүн орогнол хүсэж байв.
2014 онд Шотландад болсон наадмын үеэр Угандын рагбийн багийн хоёр тамирчин нутаг буцаагүй. Мөн Камеруны хүндийн өргөлтийн тамирчин Сирилл Чатчет тус наадмын үеэр эх орноосоо дүрвэх зорилгоор зугтсан юм. Тэрбээр 12 жилийн дараа буюу энэ наадамд Английн шигшээ багаас оролцоод мөнгөн медаль хүртсэн билээ.
Эх сурвалж: Inside The Games
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
