Нарны гадарга дээр хачин хээ угалзнууд долгиолж байгааг эрдэмтдийн буулгасан гэрэл зураг анх удаа харуулжээ
Эрдэмтэд нарны гадаргын хамгийн өндөр нарийвчлалтай гэрэл зургийг буулгаад ер бусын хээ угалзнууд долгиолж байгааг анх удаа илрүүлжээ.
Тэд Хавайн Мауи арал дээр байрладаг АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Сангийн Даниэл К. Иноуэ нарны телескопоор уг зургийг буулгасан юм байна.
Эхэндээ судлаачид телескопынхоо хүчин чадлын дээд хязгаарыг турших зорилготой байжээ. Гэтэл үр дүнд нь нарны гадаад бүрхүүлийг урьд өмнө байгаагүй өндөр нарийвчлалтай буулгаснаа ойлгосон байна.
“Энэ нь надад Ван Гогийн алдарт ‘Одтой шөнө’ зураг дээрх тэнгэрийг санагдуулж байна” гэж уг судалгаанд оролцоогүй Стэнфордын Их сургуулийн нарны физикч Руйжу Чэн хэлжээ.
Нарны гадаргуу дээрх соронзон плазмын хэсгүүд өөр өөр хурдаар зэрэгцэн хөдлөхөд ийм хээнүүд үүсдэг гэж судлаачид тайлбарласан байна.
Энэ нь усны мандал дээгүүр хүчтэй салхи дэгдэхэд үүсдэг долгионтой адил үзэгдэл гэнэ.
Ийм үзэгдлийг өмнө нь Дэлхий болон Бархасбадь, Санчир зэрэг гарагуудын гадарга дээрээс ажиглаж байсан ч “нарны гадаргуу дээр хэзээ ч харж байгаагүй” гэж Үндэсний Нарны Ажиглалтын төвийн судлаач Фридрих Вогер хэлжээ.
Тэдний ажлын тайлан Лхагва гарагт Nature шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
