Германы нисэх буудал дээр байсан Украины онгоцны ойролцоо тэсрэх бөмбөгтэй дрон олджээ
Лхагва гарагийн шөнө Германы нисэх буудалд байсан Украины ачаа тээврийн онгоцны ойролцоогоос тэсрэх бөмбөгтэй дрон илэрчээ. Бас энэ шөнө тус буудалд газардах явцдаа нэг онгоц үл мэдэгдэх зүйлтэй агаарт мөргөлдсөн байна.
Эдгээр сэжигтэй тохиолдлуудын улмаас Лэйпциг-Халле нисэх буудлыг чиглэсэн бүх онгоцнуудыг шөнө дундаас эхлэн өөр буудлууд руу шилжүүлж, цагдаа нар дроны бөмбөгийг аюулгүй болгох ажиллагааг роботын тусламжтай гүйцэтгэжээ.
Уг дрон нисэх буудлын буух, хөөрөх зурвас дээрээс олдсон байна.
Германы зүүн хэсэгт оршдог тус буудал Германы болон НАТО-гийн бусад холбоотнуудын цэргийн ачааг тээвэрлэхэд чухал үүрэгтэй байдаг.
Бас Украины Антонов Айрлайнз компанийн нисэх онгоцнуудын бааз болдог юм.
Германд суугаа Украины элчин сайд Олексий Макеев “Оросоос өөр хэн байж болох вэ?” гэж Welt телевизийн сувгаар ярихдаа хэлжээ.
Дроны эх үүсвэрийг шалгах ажил үргэлжилж байна. Оросын тал одоогоор энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Германы дотоод хэргийн сайд Александер Добриндт аюулгүй байдлын албаныхантай хамт Лэйпциг-Халле нисэх буудалд очихоор явсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Тэрбээр Италид амарч байсныг Bild сонин баталсан байна.
“Шөнө дундын өмнөхөн Лэйпциг-Халле нисэх буудлын ойролцоо үл мэдэгдэх нисдэг биет илэрсэн нь хэд хэдэн онгоц, тэр дундаа зорчигч тээврийн онгоцыг бусад буудал руу шилжүүлэхэд хүргэсэн. Үүнээс гадна урд хэсгийн хөөрөх зурвас дээр үл мэдэгдэх биет илэрснийг холбооны цагдаагийн албаныхан аюулгүй болгохоор робот техник ашиглаж байна” гэж орон нутгийн цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Bild сонины мэдээлснээр DHL ачаа тээврийн онгоц газардах явцдаа нисэх буудлаас 6 км зайд, 400 метрийн өндөрт үл мэдэгдэх биеттэй мөргөлдсөн байна.
Хоёр дахь үл мэдэгдэх биеттэй мөргөлдсөн уг онгоц чиглэлээ өөрчилж, Хановерын нисэх буудалд бага зэргийн гэмтэлтэй аюулгүй газардсаныг цагдаагийн албаныхан сүүлд мэдээлсэн юм.
Лхагва гарагийн өглөө Лэйпциг-Халле буудлын үйл ажиллагаа хэвийн болсон ч зөвхөн хойд хэсгийн хөөрөх, буух зурвасаа ашиглаж байжээ.
Өмнөд зурвасыг хааж, дронтой холбоотой ул мөрийг шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Европын олон нисэх буудал, аж үйлдвэрийн байгууламжуудад үл мэдэгдэх нисдэг биетүүд ажиглагддаг болсон.
Эдгээрийг Оросын хорлон сүйтгэх ажиллагааны хэсэг байж болзошгүй гэсэн таамаг түлхүү яригдаж байгаа.
Хэрвээ сүүлийн тохиолдол Оростой холбоотой нь батлагдвал “ийм төрлийн өдөөн хатгалга шинэ түвшинд хүрсэн хэрэг болно” гэж Германы парламентын тагнуулын хяналтын байнгын хорооны дарга Марк Хенрихман хэвлэлд ярьжээ.
2024 оны долдугаар сард Лэйпцигийн нисэх буудалд DHL компанийн онгоцонд ачигдах гэж байсан илгээмжээс гал гарч байв.
Мөрдөгчид үүнд Оросыг сэжиглэж байсан. Өнгөрсөн онд Хятадын иргэн Лэйпциг-Халле нисэх буудлын нислэгийн хуваарь, ачаа тээврийн хөдөлгөөний талаар мэдээллийг тагнуулын зорилгоор бусдад дамжуулсан хэрэгт ял сонсож байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
