Сөүл хотод 14 шөнө дараалан “халуун орны шөнө” үзэгдэл ажиглагдаж, хүмүүсийн нойрыг хулжааж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мягмар гарагийн шөнө Сөүл хотод агаарын температур Цельсийн 29.1 хэмтэй хоносон нь “халуун орны шөнө” хэмээх үзэгдэл ажиглагдсан 14 дэх дараалсан шөнө болсныг Солонгосын Цаг Уурын Захиргаа өчигдөр мэдээлжээ.

“Tropical night” гэж нэрлэгддэг энэ үзэгдэл нь шөнийн агаарын температур Цельсийн 25 хэмээс буухгүй байх үзэгдлийг хэлдэг.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост энэ үзэгдлийн давтамж улам бүр нэмэгдэж байгаа.

Зургаадугаар сараас Мягмар гарагийг хүртэл тус улсад дунджаар 12.1 ийм шөнө бүртгэгдсэн нь анх ажиглалт эхэлсэн 1973 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Мягмар гарагийн шөнө Сөүл хот “супер халуун орны шөнө”-ийн түвшинд хүрэхэд тун ойртсон байна. Энэ нь Цельсийн 30 хэмээс буугаагүй тохиолдолд нэрлэдэг нэр юм.

Энэ зун тус улсын Ганвон мужийн Ганнюн хотод долдугаар сарын 31-ний шөнө 30.2 хэм хүрсэн нь “супер халуун орны шөнө” болж байжээ.

Мягмар гарагийн шөнө энэ түвшинд ойртсон газрууд гэвэл 29 хэм хүрсэн Жэжү арлын Согвипо хот, 28.8 хэм хүрсэн Умард Чунчон мужийн Чонжу хот, 27.8 хэм хүрсэн Умард Жолла мужийн Жонжү хот байсан байна.

Халуун орны шөнийн дундаж тоо 2024 оны зун 12 хүрсэн нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Тэгвэл энэ зун дуусаагүй байхад 12.1 хүрээд байна.

1973-аас 1982 оныг хүртэл Өмнөд Солонгост энэ үзэгдлийн жилийн дундаж тоо 4.1 байжээ.

Энэ зуны хамгийн эхний үзэгдэл тавдугаар сарын 19-ний шөнө ажиглагдсан нь өнгөрсөн оны эхний тохиолдол болох зургаадугаар сарын 18-наас 19 хоногийн эрт байсан юм.

Жил ирэх бүр “халуун орны шөнө” үзэгдлийн үргэлжлэх хугацаа улам бүр уртсаж байгаа нь эндээс харагдаж байна.

 

Эх сурвалж: Korea Times