Японы амьтны хүрээлэнд агаарын хэт халалтын улмаас гурван арслан үхжээ
Японд үргэлжилж буй агаарын хэт халалтыг зэрлэг амьтад ч тэсвэрлэж чадахгүй байна.
Токио хотын Тама амьтны хүрээлэнд байдаг 16 арслангийн 10 нь халууны улмаас “хоолны дуршилгүй, хөдөлгөөний идэвхгүй” болсныг хэвлэлийн төлөөлөгч нь Мягмар гарагт мэдээлжээ.
Арслангуудыг эмчилсэн боловч гурван эмэгчин долоо хоногийн дотор дараалан үхэцгээсэн байна. Тэдний нэг өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт, нөгөө нь Баасан гарагт, сүүлийнх нь Ням гарагт тус тус үхжээ.
Бусад арслангуудын эмчилгээ үргэлжилж байгааг амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
“Арслангуудаас шингэн алдалт, олон эрхтний дутагдал ажиглагдсан тул манай малын эмч үхлийн шалтгааныг халуунаас болсон байж болзошгүй гэж дүгнэсэн” гэж тэр хэлжээ.
Арсланг халуунд тэсвэртэй амьтан гэж үздэг ч Японы чийглэг халууныг тэсвэрлэхэд хүнд байгаа бололтой. Энэ цаг агаарын нөхцөл байдал Африкийн хуурай халуунаас өөр юм.
Амьтны хүрээлэн арслангуудаа хамгаалахын тулд сэнс, агаар сэрүүцүүлэгч, ус шүршигч хүртэл хэрэглэж байгааг Кёодо агентлаг мэдээлжээ.
Энэ оноос эхлэн Японы цаг уурын хүрээлэн Цельсийн 40 хэм давсан үхлийн аюултай хэт халалтыг “кокүшоби” гэж нэрлэх болсон. Тэгвэл энэ зуны анхны “кокүшоби” тус улсад долдугаар сарын 21-ний өдөр тохиосон юм.
Мягмар гарагийн байдлаар Японы 17 мужид агаарын хэт халалтын сэрэмжлүүлэг гаргаад байжээ.
Долдугаар сарын 20-26-ны өдрүүдэд Япон даяар 18,600 орчим хүн халалтаас үүдэлтэй өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтсэн байна.
Тэдгээрийн 45 нь эмнэлэгт ирснийхээ дараа нас баржээ. Жил бүр 1,300 орчим ийм шалтгаантай үхэл Японд бүртгэгддэг.
Өнгөрсөн долоо хоногт газар хөдөлсөн Кюүшү арлын Күмамото мужид 8,000 гаруй хүн орон гэргүй болж, 45,000 орчим
өрх цахилгаан хангамжгүй болоод байгаа.
Орон гэргүй болсон хүмүүсийн зарим нь автомашинд хоноглож байгаа бөгөөд агаарын хэт халалт тэдний эрүүл мэндэд аюул учруулж байна.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 70 гаруй насны эмэгтэй автомашиндаа нас барсныг агаарын хэт халалтаас болсон гэж дүгнэжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
